ОУВС-Г ОРХИЖ, ОЮУТОЛГОЙГОО СОНГОВ УУ

ТОДОРХОЙГҮЙГЭЭС ТОДОРХОЙГҮЙ РҮҮ

Өнгөрсөн баасан гаригт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх ёстой байв. Гэвч Засгийн газрын удаан хугацааны хүлээлт талаар боллоо. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл манай асуудлыг хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай улсын хүсэлтийг тэд хэлэлцэж, баталсангүй. Тус сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд манай Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас хэлэлцээ эхлүүлсэн бөгөөд тэдний зүгээс тавьсан шаардлагуудыг биелүүлж, төсөвт тодотгол хийн, долоон төрлийн татвар нэмээд болзолтойгоор хөнгөлөлттэй зээл амласан. Ингэснээр хөрөнгө оруулагчдад Монголын эдийн засаг сэргэх нь гэсэн итгэл найдвар төрүүлж, манай улсыг сонирхогчдын “нүд сэргэж” эхэлсэн. Гэтэл хөтөлбөр хойшиллоо. Энэ нь анхны удаагийнх ч биш. Гуравдугаар сард Монголын асуудлыг Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гарсан, дөрөвдүгээр сарын дундуур ч мөн ийм хүлээлт үүссэн байсан. Хамгийн сүүлчийн буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн тов маш бодитой итгэл төрүүлж, өөдрөг хүлээлт үүсгээд байлаа. Одоо хөрөнгө оруулагчид гайхсан, итгэл алдарсан нүдээр биднийг харж байна.

Манай улсын гадаад, дотоод нөхцөл байдал дахин тун тодорхойгүй болчихлоо. Өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд танхимаа бүрдүүлсэн Засгийн газар наймдугаар сараас ОУВС-тай хэлэлцээ эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажлаа авсан цагаасаа Засгийн газрын хийсэн талаар тодруулахад тэрбээр “Вашингтоны цагаар 28-нд Захирлуудын зөвлөл хуралдана. Тэр хурлаар манай асуудлыг хэлэлцэнэ байх. Хөтөлбөр батлагдана гэж найдаж байна. Бид сая урьдчилсан бүх уулзалтаа хийчихээд ирсэн. ОУВС-гийн тавьсан шаардлагыг Монгол Улсын Засгийн газар биелүүлсэн” хэмээн хариулсан.

“Рио Тинто”-той холбоотой тогтоолын талаар Сангийн сайд “УИХ-ын гишүүдээс санаачилсан, төсвийн тодотголыг дагаж орсон УИХ-ын тогтоол байгаа. Энэ нь Хөрөнгө оруулалтын тухай болон бусад хуультай зөрчилдсөн зүйл байх магадлалтай гээд хуульчид ажиллаж байна” хэмээсэн.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, эсэх нь эргэлзээтэй болсон тул МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, дээрх тогтоолыг ОУВС-гийн зөвлөмжийн дагуу, өөрөөр хэлбэл, “Рио Тинто”-гийн шаардсаны дагуу өөрчлөх, эсэхийг ярилцжээ. Тэгээд “Өөрчлөх шаардлагагүй” гэж үзсэн байна. Үр дүнд нь ОУВС-гийн хөтөлбөр хойшиллоо. Харин цаашид яах бол. Эрх баригчид ОУВС-г орхиж, Оюутолгойгоо сонгов уу гэдэг асуултын хариу энэ долоо хоногт гарна биз ээ.

Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨР ХОЙШИЛСНЫГ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НЭЙЛ САКЕР БАТАЛГААЖУУЛСАН

Эдийн засгийн шинжээч Ч.Эрдэнэдалайгийн байр суурийг хуваалцлаа.

-ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай асуудлыг хойшлуулсан тухай мэдээллийг та нэлээд сонирхож байгаа харагдлаа?

-Хөрөнгө оруулагчид, зах зээлийн олон талт харилцаанд оролцдог хүмүүс, Монголыг сонирхдог хэн бүхэн үүнийг анхааралтай ажиглаж байгаа шүү дээ. Би бямба гаригт ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакерээс мэдээлэл хүсэхэд, тэрбээр “Хөрөнгө оруулагчдын гадаад валютын гүйлгээтэй холбоотой УИХ-ын тогтоолын 11 дүгээр заалтыг судлах хэрэгтэй байна. Энэ заалт нь Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлөх үү, үгүй юү гэдгийг судлахад хугацаа хэрэгтэй. Үүнийг тодруулж, үнэлэх ажлыг бид холбогдох албаны хүмүүс, эрх бүхий байгууллагатай хамтран хийнэ” гэсэн цахим шуудан ирүүлсэн. Энэ тогтоолыг нь хайж олчихоод сууж байна. “Хөрөнгө оруулагчдын борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн утгатай заалт юм байна

-Хөрөнгө оруулагчдын хувьд энэ тийм эмзэглэмээр заалт гэж үү?

-Олон янзын үзэл бодол бий. Хөрөнгө оруулагчдын хувьд бол Монголын банкны систем шаардлага хангах уу, хөрвөх чадвартай юу, багтаамж нь ямар вэ гэхчилэн бодож үзэх асуудал байдаг л юм билээ.

-ОУВС-гийн хөтөлбөр хойшилсон нь Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-“Дөрөвдүгээр сарын 28-нд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана. Түүний дараа тэгнэ, ингэнэ” гэсэн маш их хүлээлт зах зээлд байсан. Хөрөнгө оруулагчид үүнийг маш анхааралтай ажиглаж байгаа. Гэтэл тодорхой бус байдал үүслээ. Энэ нь манайд л муу. Харамсаж байна. Уг нь энэ хөтөлбөр эдийн засгийн хямралыг давах суурь, гол ноён нуруу шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)