ОУАХ-ны бүрэн эрхт гишүүн болжээ

АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчид ИБУИНВУ-ын Лондон хотноо энэ сарын 10, 11- нд болсон Олон улсын Ардчилсан холбооны Удирдагчдын хуралд оролцжээ. Хурал “XXI зуунд эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлэх нь” сэдвийг хөнджээ. Эхний өдөр Гадаад бодлогын байнгын болон Гүйцэтгэх зөвлөл хуралджээ.

ГББХ-ны хурлыг Парламентын гишүүн, Европын асуудал хариуцсан сайд Д.Лидингтон даргалж, “Дэлхий дахины санхүүгийн сорилтуудКонсерватив баримтлал” сэдвээр ИБУИНВУ-ын Сан хөмрөгийн сайд Дэвид Гаук, “Арабын хавар: Ливи-Одоо хэрхэх вэ?” сэдвээр сайд нарын зөвлөлийн гишүүн асан Яссын Брахым, хатагтай Мэриэм Бургуйба нар, “ Бүсээ чангалах үеийн нийгмийн шинэчлэл” сэдвээр Парламен тын гишүүн, Хөдөлмөр, тэтгэврийн сайд Ян Данкэн Смит нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Мөн орой нь Консерватив намын лидер, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Дэвид Камерон хурлын төлөөлөгчдийг хүлээн авчээ.

Удаах өдөр нь Удирдагчдын хурал болсон аж. Холбооны дүрмийн өөрчлөлт, удирдлагыг сонгох зэрэг асуудлыг үүгээр хэлэлцжээ. Мөн шинэ намуудыг холбоонд элсүүлэх асуудлыг шийдсэн байна. Энэ үеэр АН тус холбоон дахь гишүүнчлэлийн статусаа дээшлүүлж, бүрэн эрхт гишүүн болжээ. АН-ын дарга Н.Алтанхуяг 1983 оны Лондоны Тунхаглалд гарын үсгээ зурж, бүрэн эрхт гишүүнээ баталгаажууллаа. Хурлын үеэр тэрбээр “Өнөөдрийн АН бол 1990-ээд онд Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн, ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн нам.

Монголд 70 жил оршсон нэг намын тогтолцоог халж, олон намын тогтолцоог бий болгосон улс төрийн хүчин юм. Иргэний эрх чөлөөг эдийн засгийн хувьсгалаар баталгаажуулах явдал одоо бидэнд тулгамдаад байна. Мөн манай ах, дүү намын хамтын ажиллагаа, харилцан санал солилцох, туршлагаа хуваалцах явдал нь ардчилал, эрх чөлөөг бэхжүүлэх бас нэгэн чухал хүчин зүйл мөн” гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)