Оторлохоор ирсэн малчдаас татвар нэхжээ

Энэ жил 10.2 сая толгой мал отрын бүсэд өвөлжинө

Манай орон 112 сая га бэлчээртэй. Энэ нь 84.6 сая малын (хонин толгойд шилжүүлснээр) даацтай аж. Гэтэл өдгөө малын тоо хэдийн 70 сая давж, хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 111 саяд хүрээд байна. Бэлчээрийн даацаас 25 саяар хэтэрсэн гэсэн үг. Өнгөрсөн зун зарим газарт зуншлага тааруу, нийт нутгийн 60 хувьд зуд болох эрсдэл тулгарсныг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн. Бэлчээрийн даац хэтэрсэн, зуд болох эрсдэлтэй зэрэг олон асуудалтай тулгарсан малчид хэрхэн өвөлжиж байгааг тодруулав.

Жил бүр цас их унаж, өвөлжилт хүндэрдэг аймгуудын нэг бол Увс. Тэндхийн нөхцөл байдлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Төмөр-Очироос тодруулахад “Энэ жил манай аймгийн газар нутгийн 90 хувьд нь сайхан зун боллоо. Зарим сумд цас унасан ч зам, даваа хаагдах хэмжээнд хүртлээ хүндрээгүй. Аймаг дундын отрын бүсэд айлууд буугаагүй. Харин сум хооронд отор нүүдэл хийж байна” гэлээ.

Хэнтий аймагт энэ жил цас нэлээд унаж, өвөлжилт хүндэрч мэдэхээр байгаа гэнэ. Энэ талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан “Манай аймгийн нийт нутагт цасан бүрхүүл тогтсон. Ялангуяа Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин сумын нутаг 15-20 см зузаан цастай. Галшар, Бор-Өндөр, Баянхутаг сумд зуншлага тааруу, газрын гарц муу байлаа. Цас нэмж орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй. Энэ жил өвлийн бэлтгэлээ 91.7 хувь хангасан. Малчид ч өвс, тэжээлээ сайн бэлтгэсэн. Аймгийн хэмжээнд 5.1 сая мал өвөлжинө. Нэг хүндрэлтэй асуудал нь бусад аймгийн малчид манай нутаг руу орж ирэх боллоо. Тухайлбал, Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд Төв, Дундговь, Өвөрхангай аймаг, Багануур дүүргийн малчид ирж, нутаглаж байна. Зарим нь аймаг дундын отрын бүс нутагт орох хүсэлтээ ирүүлж, зөвшөөрөл авсан. Гэтэл нэг хэсэг нь зөвшөөрөлгүйгээр нүүж ирж, хүндрэл учруулж байгаа. Тиймээс зөвшөөрөлгүй айл буухаас сэргийлж харуул гаргасан” хэмээв.

Сүхбаатар аймгийн хувьд “Малчид Мөнххаан, Сүхбаатар сумд оторлож байна. Нийт нутгаар 10-20 см зузаан цастай. Өвлийн бэлтгэлээ 80 гаруй хувьтай хангасан. Манайд аймаг дундын отрын бүс нутаг байхгүй” гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрынх нь Мал үржлийн албаны дарга Б.Мөнхбаяр мэдээлэв.

Зарим аймагт өвөлжилт хүндэрч, өвс үнэд орсон талаар иргэд манай сонинд мэдээлсэн юм. Үүний мөрөөр орон нутгийн холбогдох албаныхнаас тодруулахад энэ жил улс даяар өвлийн бэлтгэлээ сайн хангасан, цаг агаарын байдал ч одоохондоо тогтуун учир өвс үнэд ороогүйг хэлсэн. Тухайлбал, Хэнтийд нэг боодол өвс одоогоор 7000, Увсад 7500-8000 төгрөгийн үнэтэй аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батмөнх энэ талаар “Өнгөрсөн жил Орхон, Өмнөговь аймаг бэлтгэсэн өвс, тэжээлээ бүрэн хэрэглэж дуусаагүй. Дээр нь энэ жил сайн хадлан авч, малчид болон сумд нөөцөө сайн хангасан тул өвс үнэд орохгүй” гэв.

Аймаг дундын отрын есөн бүс нутаг бий. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хөхдэл, Булганы Чилэн, Завханы Багахайрхан, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан, Говь-Алтайн Аргалант, Говьсүмбэрийн Малх, Дорнодын Чойбалсан, Увсын Ачитнуур, Ховдын Баяннуурыг аймаг дундын отрын бүс нутаг болгосон. Эдгээр бүс нутгийг тусгай журмын дагуу бүртгэн, хил хязгаарыг нь тогтоосон бөгөөд жил бүр аль аймгийн хэчнээн мал оторлуулахыг төрөөс зохицуулдаг аж. Үүнээс гадна сумууд гэрээ байгуулан, малчдаа отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулдаг байна. Түүнчлэн зарим нь сум дундын отрын бүс нутагтай. Аль аймгийн малчдыг хаана оторлуулж байгаа талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батмөнх “Энэ жил 10.2 сая толгой малыг аймаг болон сум дундын отрын бүс нутаг, улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурваст өвөлжүүлж байна. Одоогоор 80 орчим хувь нь отрын бүс нутагт очсон. Мал аж ахуйн салбарын нөхцөл байдал, тооцоо судалгааг өнгөрсөн сарын 19-нд Засгийн газарт танилцуулж, үүрэг, чиглэл авсан. Тухайлбал, Өвөрхангайгаас Архангай, Булган, Төв, Өмнөговьд, Дундговиос Дорноговь, Төв, Хэнтий, Говьсүмбэр аймгийн нутагт отроор өвөлжих, хаваржих малчин өрхийн тоог тогтоосон. Мөн малчдад эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, отор нүүдэлд байнга хяналт тавих үүргийг ХХААХҮЯ, аймгийн Засаг дарга нарт даалгасан. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутаг, хилийн зурваст зохих журмын дагуу мал отроор өвөлжүүлэхийг БОАЖЯ, Хил хамгаалах ерөнхий газар, ХХААХҮЯ-нд үүрэгдсэн. Үүнээс гадна энэ жил Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан зэрэг зургаан аймагт мөнгөн тусламж үзүүлсэн” гэлээ.

Аймаг дундын отрын бэлчээр ашиглах нийтлэг журам байдаг. Үүний дагуу аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааныхан гэрээ байгуулаагүй, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээгүй мал бүхий айлыг хүлээн авдаггүй. Журмын дагуу тухайн айл шаардлага хангасан бол татаас төлөлгүйгээр оторлох эрхтэй. Гэтэл зарим аймаг, сумын удирдлага оторлохоор ирсэн малчдаас татвар нэхжээ. Тухайлбал, Дундговь аймгийн малчид Төв, Булган, Дорноговь, Сүхбаатар аймагт отор нүүдэл хийхэд Засаг дарга нь татвар төлөхийг шаардсан аж. Тус аймгийн нутагт хадлан авах газар байхгүй гэнэ. Тиймээс хил залгаа Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагатай гэрээ байгуулан, өвс хаджээ.

Улсын хэмжээнд энэ мэтээр өвлийн бэлтгэлээ 86.7 хувьтай хангасныг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Малчид шаардлагатай өвс, тэжээлийнхээ 91 хувийг нөөцөлсөн гэнэ. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумд өвс, тэжээл шуурхай хүргүүлэн, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр олгох, шаардлагатай тохиолдолд автомашинаар ханган, тусламж, дэмжлэг үзүүлж буй аж. Тэгвэл цаг уурын байгууллагаас энэ өвөл нийт нутгийн хэмжээнд харьцангуй цас багатай байгааг мэдээлсэн. Дээрх байгууллагуудын мэдээллээр бол энэ жил зуншлага сайхан байсан, өвлийн бэлтгэлээ ч сайн хангасан учир малчид одоохондоо ядарч зүдэрсэн зүйлгүй сэтгэл амар суугаа аж. Гэхдээ цаг яагаа ч үгүй, идэр есийн хүйтэн ч эхлээгүй учир аль аль нь хөлөө жийх болоогүйг албаныхан санууллаа.

Бэлтгэсэн: Б.Уянга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)