Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх ёслол болов

Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх тахилга, төрийн их ёслол өнгөрсөн 22-нд Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Төрийн тахилгат Отгонтэнгэр уулнаа боллоо.

Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Тогтохбуян, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, О.Чулуунбилэг, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив, ИТХ-ын дарга Б.Отгонбаатар болон Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба Л.Амгалан, Наро вачин гэгээнтэн, Жалханц хутагт нарын шашин номын зүтгэлтнүүд оролцлоо.

Цаст цагаан уулын тахилгат оролцохоор албан бус тоогоор 30 мянга орчим сүсэгтэн олон эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн иржээ. Тэдний дунд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Э.Оюунболд, Д.Мөнх-Эрдэнэ, манлай уяач Л.Цандэлэг, “Монос” группын ТУЗ-ын дарга, Төрийн соёрхолт Л.Хүрэлбаатар, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Д.Батсайхан нарын нэр хүндтэй хүмүүс байсан юм. Отгонтэнгэр хайрханыг монголчуудын буян заяа, үр хойч, хойч ирээдүйг даасан их уул хэмээн монголчууд бишрэн шүтдэг. Иймээс сүсэгтэн олон их уулнаа буян заяагаа даатгаж, хойч ирээдүйгээ даатган, идээ будаагаа өргөж, залбирч байв. Тэнгэрийг тайх тахилга эхлэх үед лам хуврагууд жавдандаа сууж, Ламчодов, Жигжид, Очирваань, Овооны сан, Дашчиров сан, Эзний сан, Гурван-Эрдэнэ, Юлтий, Дэвжид сэржим зэрэг ном хурсан.

Энэ үеэр Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “1779 онд анх удаа Цаст Очирваань хайрханыг “Бадархундага нуур баринтагаа бүрэн тайлж, наран саран хоёр бүтэн мандсан цаг дор” буюу зуны дэлгэр цагт тахих болсноос хойш эдүгээ 230 гаруй жил өнгөрч буй. Бид хайрханыхаа дээд тэнгэрт тахил цацал, хүж, торго, сум тэргүүтнийг өргөж, тэнгэрт хандсан зарлигийн айлтгал дуудан сонсгож ёсолно. Хурсан бүхэн хурайлан дэмжиж, журамлан үйлдэж, ёс заншлыг чандлан сахиваас тэнгэр, лус хийгээд дэлхий ээж баясаж, хишиг буяны хур дэлгэрэх нь дамжиггүй” гэж онцлон хэлсэн.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авч тахилгын гал болох мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв. Түүнчлэн лам хуврага нар тахилгын цацлын өчил уншин, цацал өргөж, судар дуудахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж дээжийг овоонд тавилаа. Мөн Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий аймгийн мэргэн хавраачид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв.

Үүний дараа хуврагууд "Морины сэтэр" ном унших үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Отгонтэнгэр ууланд онголон сэтэрлэх бор морийг тэнгэрийн хүлэг болгох ёс үйлдсэн юм. Бор морийг Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн малчин Б.Баттулгын адуун сүргээс сонгосон байна.

Эртнээс нааш тахин шүтэж ирсэн Отгонтэнгэр уулыг “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж хүн зон олон идээнийхээ дээжийг өргөн сүслэж иржээ. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 метр өндөр өргөгдсөн. Уулын 3752 метрээс дээш өндрөөс мөнх цас эхэлдэг. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)