"Ослоос үүдэн Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн зузаан лаг хуримтлагдаад байна"

Өчигдөр Төв цэвэрлэх байгууламжийн ажилчид албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордож дөрвөн хүн амиа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр Хотын захиргааны удирлагууд Төв цэвэрлэх байгууламжид очиж нөхцөл байдалтай танилцсан. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан ослын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан "Өчигдөр Төв цэвэрлэх байгууламжид болсон нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг албан ёсны мэдээллийг хүргэе.

Хотын даргын захирамжаар шуурхай ажлын хэсэг байгуулагдлаа. Өчигдөр тус ажлын хэсэг үйлдвэрлэлийн ослын улмаас дөрвөн ажилчин амиа алдсан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шуурхай арга хэмжээ авлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн газрыг онцгой горимд шилжүүлсэн. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн лаг хүлээж авдаг насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулан ажиллах тал дээр дэд ажлын хэсэг байгуулагдаж шуурхай ажиллаж байна.

Өчигдөр гарсан ослоос үүдэж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан гүйцэтгэж байна. Лагийн газар, тус орчинд осол гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна. 

Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна хордож эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс байгаа. Өглөөний байдлаар нийт найман хүн хордлого болон сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа, биеийн байдал тогтвортой байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)