Осгож амь насаа алдах тохиодол ихэсчээ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнөөдөр хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд 2014 оны 11 сарын байдлаар согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад давхардсан тоогоор 3174 удаа хяналт шалгалт явуулжээ.

Нийт 1532 иргэн, аж ахуй нэгжийг Монгол Улсын "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу торгуулийн болон үйл ажиллагаа явуулах, зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч ажилласан байна.

2014 оны эхний 11 сарын байдлаар нийт 59617 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гарган эрүүлжүүлэгдсэнээс 533 нь эмэгтэй, 316 нь 18 хүртэлх насны, 312 нь оюутан, долоо нь ЕБС-ийн сурагч байжээ.

Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн тодорхой хувийг эзлэсэн байна. Мөн хүйтний улиралд гудамжинд осгож, хөлдөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь ихсэх хандлагатай байгаа юм байна.

Тиймээс иргэд аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи согтууруулах ундаагүй баяр ёслолыг тэмдэглэхийг уриалах, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явах, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

М.Болорцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)