Ор “шүтсэн” тогтолцоотой олхиогүй салбар

Нэг юм хэлчихье. Бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн хүнд сельфи (өөрөг зураг) хийх зав гарахгүй л болов уу. Тэгэхэд зарим хүн “Жаахан ядраад, эмнэлэгт хэд хоног хэвтэнгээ шингэн сэлбүүлж байна” гээд халаадтай зургаа фэйсбүүкт постолж, “гангарах” юм. Яг үнэндээ миний танилуудын дотор ч гэсэн хавар, намартаа эмнэлэгт ёс юм шиг хэвтээд биеэ тордчихдог хүн бий. Айхтар хүмүүс шүү.

Хамгийн гол нь тэдний бие эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэмжээнд өвдөөгүй. Зүгээр л танилтай учраас хэд хоног үнэгүй эм, тариа, дусал, витамин хийлгээд, ажлаасаа жаахан ч атугай хөндийрч, өөрөг зургаа дарсан шигээ, найз нөхдөөрөө хүрээлүүлэн амраад авах нэг боломж гэх үү дээ. Тэгвэл эмнэлгийнхний нүд хариулж байгаад оройдоо оргож гэртээ хонодог, баар хэсэж “юм” үнэртүүлчихээд ирдэг хүн ч байдгийг эмч нар хэлсэн юм.

Иймэрхүү эрүүл хүмүүс эмнэлэгт хэвтээд байхаар яг хэрэгтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээ зарим талаар доголдож буй юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, өвчтэй хүмүүсийн эм, тарианаас ор бөглөгсөд хумсалсаар байна.

“Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж буй юм чинь эмнэлэгт хааяа хэвтэхэд яадаг юм” хэмээн олон хүн өөрсдийгөө зөвтгөж мэдэх ч таны төлдөг даатгал хэзээ нэгэн цагт аав, ээж, үр хүүхдэд чинь хэрэг болно. Шимтгэл төлдөггүй өндөр настан, хүүхдүүдэд зарцуулах мөнгийг эрүүл хүнд өгч, үргүй зардал гаргасаар байгаа нь эмнэлэгт шаардлагагүй хэвтэхийг багасгах хангалттай шалтгаан болох биз ээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төв жил бүр салбарын үзүүлэлтийг нэгтгэдэг. 2015 оны статистикийг харвал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч, орны тоо, ашиглалт зэргийг нарийн гаргажээ. Гэвч яг хэд нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан, үгүйг хэлж мэдэхгүй гэсэн юм. Арга ч үгүй байх. Хэвтсэн хүмүүсийн тоог эмнэлгүүдээс аваад нэгтгэдэг болохоор хэд нь ор бөглөснийг хэрхэн мэдэх билээ.

Уг нь гурван жилийн өмнө тэд эрүүл мэндийн байгууллагуудын орны ашиглалт, хэрэгцээг тусад нь судалж үзжээ. Тэгтэл өвчтөнүүд хамгийн багадаа 7-14 хоног ор хүлээж, 2000-2011 он хүртэл эмнэлгийн орны хэрэгцээг буруу тооцон, оновчтой зохицуулалт хийж байгаагүй нь илэрчээ. Хамгийн гол нь эмнэлгүүдийн ор ашигласан мэдээлэл тухайн үеийн өвчний тайлантай уялдаж өгөхгүй байсан аж.

Манай улс дотор, мэдрэл, мэс засал, төрөх, эмэгтэйчүүд, эрчимт, сэхээн амьдруулах, сэтгэцийн гэх зэрэг 20 гаруй чиглэлээр хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлдэг. Хүн ам цөөн хэрнээ 10 мянган хүн тутамд ногдох орны тоогоороо бага, дунд, түүнээс дээш орлоготой улсаас 1-2 дахин олон байгаа нь гайхмаар.

Энэ нь эмчилгээний арга барил буруу, үр дүн муутай, амбулатори (өдрийн эмчилгээ, мэс засал, сувилахуйн тусламж)-оор тусламж үзүүлж чаддаггүй, эмнэлгийн хангамж нь хүн амын хэрэгцээнд бус, өмнөх тогтолцоонд суурилсантай холбоотой аж. Үүний тод жишээ нь III шатлалын эмнэлэгт хэвтэхээр ирсэн өвчтөнүүдийн 20 орчим хувь нь л нарийн мэргэжлийн тусламж авах шаардлагатай байдаг гэнэ.

Өдгөө эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхийг багасгахаар дэлхий нийт чармайж буй. Нэр бүхий томоохон эмнэлгүүд ч эхнээсээ орны тоогоо дунджаар 40 хувиар цөөлөөд байна. Ихэнх улс өндөр өртөгтэй, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээгээ аль болох амбулаториор үзүүлэх хандлагатай болжээ.

Өөрөөр хэлбэл, дэлхий дахины эмнэлгүүдийн хөгжлийн чиг хандлага олон мэргэжлээр тусламж үзүүлэх, өдрийн эмчилгээг өргөжүүлж, эмнэлэгт шаардлагагүй хэвтэхийг багасган, эдийн засгийн үр ашгаа дээшлүүлж буй юм. Тэгэхэд манай эрүүл мэндийн салбарт орлого нь хязгаарлагдмал, зардал нь нээлттэй, үрэлгэн, үр ашиг муутай тогтолцоо ноёрхож байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Үнэндээ эмнэлгүүд орны тоогоороо санхүүждэг, түүнийгээ “шүтсэн” тогтолцоотой болоод удаж буй. Тиймээс аль болох олон хүн хэвтүүлж, ор хоногийн мөнгө авах эрмэлзэлтэй байж ч мэдэх юм. Азийн хөгжлийн банк, “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-4” төслийнхөн эмнэлэгт шаардлагагүй хэвтэн эмчлүүлэгсдийн түвшинг 2012 онд тогтоосон байдаг.

Үүнээс үзвэл II шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 39.2 хувь, III шатлалын эмнэлэгт 40, ЭХЭМҮТ-д 16, хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 62.8 хувь нь онцын шаардлагагүйгээр ор бөглөжээ. 2015 онд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд нийт 141.977 хүн хэвтэн эмчлүүлсэн гэхээр дунджаар 30-40 хувьд нь лав шал дэмий эм, тариа гарзадсан гэсэн үг.

Дүүргийн эмнэлгүүдэд 93.403 хүн хэвтсэнээс 39.2 хувь нь мөн л шингэн сэлбүүлээд эмнэлгээс гарсан болж таарлаа. Хэн хэнийх нь хүслээ гүйцээх гэсэн энэ мэт шуналаас болж салбар нь өөдтэй өндийхгүй байгаа юм шүү дээ.

Улсын хэмжээнд нэг оронд ногдох хүний тоо 139 байхад түүнийгээ 265 болтол ашигласан гэхээр манайхан эмнэлэгт хэвтэх “хообийтой” байгаа биз. Энэ хэрээр эрүүл мэндийн салбарын санхүүжилт салхинд хийсэж буйг гадарлах ч үгүй байгаа нь харамсалтай. Салбарын яам Улаанбаатар хотын эмнэлгүүдийг шинэчлэх урт хугацааны ажлын хүрээнд эмнэлэгт барагтай бол хэвтүүлэхгүй, өдрийн эмчилгээг улам хөгжүүлэхийг гол чиглэлээ болгожээ.

Саяхан ДЭМБ эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгийн хэмжээг тогтоож, хэрхэн мөрдөх талаар судалсан. Үүнд 83 орон хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн салбарт зарах хөрөнгө бус, харин санхүүгийн байгаа нөөцөө хэрхэн хуваарилж, ашиглах нь хамгаас чухал болохыг тодотгожээ. Тухайн улсын эрүүл мэндийн систем нь үр ашиггүй бол ДНБ-ийхээ тав байтугай 10 хувийг зарцуулаад ч амжилтад хүрдэггүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)