Орчуулагч О.Чинбаяр олон улсын уралдааны шилдэгт багтжээ

Олон улсын орчуулгын “Read Russia” уралдаанд орчуулагч О.Чинбаярын бүтээл эхний шилдэг 50-д, мөн ХХ зууны утга зохиол номинацид тунаж үлдсэн 15-д багтжээ. Андрей Платоновын “Чевенгүр” романы орчуулгыг нь М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулиас энэхүү уралдаанд нэр дэвшүүлсэн юм байна.

“Read Russia”-д энэ жил 33 орны 178 бүтээл өрсөлдсөн бөгөөд урт жагсаалтын дүнгээр монгол орчуулагч ийнхүү шилдэгт багтав. Богино жагсаалтын дүн нь энэ сарын дундуур гарах гэнэ. Уг уралдаан нь яруу найраг, ХIХ зууны уран зохиол, ХХ зууны утга зохиол (1990 он хүртэлх), орчин үеийн уран зохиол гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулалтаа явуулдаг.

Орчуулгын зохиолын уралдаанд оролцогчдоос төрөл тус бүрт шилдэг орчуулагч, хэвлэлийн газрыг шалгаруулдаг уламжлалтай юм байна. Илья Зданевичийн “Бахархал” романы орчуулгаараа Томас Ж.Китсон (АНУ), Исаак Бабелын “Одессын өгүүллэгүүд”-ийг хөрвүүлсэн Борис Дралюк (Их Британи, АНУ), Александр Солженицыны “Иван Денисовичийн нэг өдөр”-ийн орчуулагч Орнелла Дискаччати (Итали), Михаил Булгаковын “Цагаан гварди” романыг эх хэлнээ буулгасан Абдулла Хаба (Ирак) нар манай О.Чинбаяртай хамт нэг номинацын шилдэг 15-д багтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)