Орчны бохирдол цусан суулгыг “өрдөж” байна

Өглөө ажилдаа яваад амьд харих баталгаагүй, эмнэлэгт хэвтээд эдгэрэх нь ээдрээтэй, гадуур хоол идээд хордохгүй гэх үндэсгүй. Иргэнээ “заналхийлсэн” ийм л нийгэмд бид аж төрж байна. Нийслэлдээ хүн амынх нь талаас илүү хувь оршин суудаг учир хотжилтоо дагаад зүсэн зүйлийн хавдар, халдварт өвчин газар авч, агаар, хөрс, орчны бохирдол ч дийлдэхээ больсон. Урин цаг ирж, арайхийн хорт утаанаас ангижрав уу, үгүй юү хөрсний бохирдол биднийг угтан авч, өмхий самхайгаар утаж эхэллээ.

Хотын хөрс зарим хэсгээрээ онц аюултай буюу хүн амыг нүүлгэн шилжүүлэх хэмжээнд хүртэл бохирдчихоод буйг олон судалгааны дүн гэрчилнэ. Хөрсний бохирдол бол тухайн газрын хэвийн үйл ажиллагаа гаднын ямар нэгэн нөлөөгөөр байгалийн шинжээ алдах үйл явцыг хэлдэг. Үүний уршгаар гадаргын, гүний ус бохирдож, улмаар цусан суулга, хижиг, халдварт шар зэрэг гэдэсний болон амьсгалын замын өвчин дэгдэх үндсэн шалтгаан болсоор буйг нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргадаг хөрсний бохирдлын түвшний судалгаанд өгүүлжээ.

Сүүлийн таван жилд урин дулаан цагт гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин дэгдэж, тэр дундаа цусан суулга туссан хүний тоо хэдэн мянгад хүрчээ. 2018 онд зөвхөн Улаанбаатар хотод 5214 хүн уг халдвар авсныг нийслэлийн Эрүүл мэндийн газрын судалгааны дүнгээс үзэж болно. Тэгвэл энэ оны эхний гурван сард 715 хүн дээрх өвчин туссан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 92 тохиолдлоор илүү үзүүлэлт юм байна. Манай улс гэдэсний долоон төрлийн халдварт өвчний тоон үзүүлэлтийг нэгтгэдэг. Цусан суулгын тохиолдол жилээс жилд ихэссээр гэдэсний халдварт өвчний 30-40 хувийг нь эзлэх болсон гэнэ. Үүнд хөрсний бохирдол голлон нөлөөлж буй бол олныг хамарсан хоолны хордлого, чанарын баталгаагүй, муудсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь удаах шалтгаан болжээ.

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, хуурай, нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны ялгадас, ургамлын үлдэгдэл, ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ашигласан бохир ус зэрэг нь хөрс бохирдох гол эх үүсвэр болдог юм байна. Химийн бохирдолд нь хүнд металлууд, цацраг идэвхт бодисууд, эрдэс бордоонууд ордог бол биологийнход нь мал, амьтны сэг зэм, хөдөө аж ахуй, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлууд, ойн хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд багтдаг аж. Хүмүүс бохирдсон хөрсөнд шууд хүрэх, эсвэл түүнээс уурших хорт бодисоос халдвар авсаар байгааг эмч нар хэлсэн. Бохирдсон хөрс цусан суулга үүсгэгч нянг 25-100, хижиг өвчнийхийг 100-400, саажилтын вирусийг 100-150 хоног хадгалдаг төдийгүй халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин бүрдүүлдэг гэнэ.

Ажлын байр, дэд бүтэц байхгүй гэсэн шалтгаанаар хөдөөний иргэд хот руу хошуурч, гэр хорооллыг тэлэхэд гол хувь нэмэр оруулсаар. Агаар, хөрсний бохирдол үүсгэгч эх үүсвэрийн тоог ч нэмсээр. Үүний горыг голдуу хүүхдүүд амсдаг нь харамсалтай. Тав хүртэлх насны хүүхдүүдийн дархлаа сайн хөгжөөгүй байдаг тул агаар, хөрснөөс “ялгардаг” өвчинд хамгийн түрүүнд өртөж байна. Цусан суулга туссан өвчтөнүүдийн 80 хүртэлх хувь нь 2-4 насны хүүхдүүд байгаа нь үүнийг батлах биз ээ. ХӨСҮТ-ийнхний хэлж буйгаар уг өвчин нь шигеллийн төрлийн нянгаар үүсгэгддэг гэдэсний хурц халдвар аж.

Нян нь сүү, ээдэм, зайрмаг, махан хоол, ногоо, жимсэнд амархан үрждэг. Тодорхой хэлбэл, сүүнд 2-17, тарганд 6-15, хоолонд 2-62, сүүдэрт 79 хоног хүртэл амьдрах чадвартайг судлаачид олж, тогтоожээ. Өвчтэй хүн, нян тээгчийн өтгөн ялгадсаар гадаад орчинд тархаж, хөрс, эд юмс, ус, хоол, хүнсийг бохирдуулан, ихэвчлэн ахуйн хавьтлаар хүнээс хүнд халддаг байна. Мөн шигеллийн нянгаар бохирдсон ус, хоол хүнснээс халдаж болно. Заримд нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй хэрнээ өвчнөө халдаах нь ч бий гэнэ. Ихэнхдээ халдвар авсан хүнд 1-2 хоногийн дараа халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах, дүлэх шинж тэмдэг илэрдэг болохыг халдвар судлаач эмч нар хэлэв. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоног эмчлүүлээд эдгэрдэг байна.

Уг өвчин богино хугацаанд халдварладаг, бохир гараа амандаа хүргэх төдийд өвчилдөг аж. Маш бага буюу 10-100 ширхэг нян залгихад л тухайн өвчтөн цусаар “гүйлгэж” эхэлдэг. Нян тээгч гурван долоо хоногийн турш бусдад халдвараа тараах эрсдэлтэй. Бага насны хүүхэд голдуу өвчилдөг тул хордлого ихтэй, шингэн амархан алдах, цаашлаад бүдүүн гэдсэнд шарх үүсгэх аюултай гэнэ. Цусан суулгын вирус бүдүүн гэдсийг сонгомлоор гэмтээдэг тул хурц хэлбэрийн тахал ч гэж нэрлэдэг юм билээ. Хавсарсан эмгэгтэй, дархлаа султай зарим хүүхэд эл өвчний өмнө туйлдаж, эндсээр байхад халдвар өдөөгч хүчин зүйлс нь нийгэмд улам бугшсаар байгаа нь харамсалтай. Бохир хөрснөөс гадна хотын дундуур урсах гол, булаг, шанд, тогтоол ус, цэвэрлэж ариутгаагүй худгийн болон бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь ундандаа хэрэглэх нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

2019 он гарсаар нийтийг хамарсан хоолны хордлого гурван ч удаа гарч, олон хүн цусан суулгын хохирогч болов. Зөвхөн ус, сүүнд шигеллийн нян үрждэггүй болохыг дээрх жишээ батална. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, түргэн хоолны KFC сүлжээ зоогийн газрын Зайсан дахь салбараар өнгөрсөн хоёрдугаар сард үйлчлүүлсэн 355 хүнд хордлогын шинж илэрсний 42 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Үйлчлүүлэгчдээс цусан суулгын нян илэрсэн ч мэргэжлийн байгууллагууд хоолноос бус, KFC-гийн ажилтнуудын буруугаас болсон хэмээн дүгнэсэн. Гэсэн ч тус зоогийн газрын хоолноос хүмүүс хордсон гэх мэдээ нийгмийн сүлжээгээр дахин тархаж, мэргэжлийн хяналтынхан өнгөрсөн сард KFC-гийн 12 салбарт хяналт шалгалт хийхэд 60 гаруй зөрчил илрүүлж, нийт 31 кг тахианы мах устгасан байдаг. KFC-гийнхэн цусан суулгатай ажилчдаа халсан ч бүтээгдэхүүн нь “өвчтэй” хэвээр байсан нь сонин. “Олон удаа ашигласан тосоо хаяхгүй, тахиагаа шараад байхаар тэнд нь нян үржих нь ойлгомжтой. Ургамлын тосыг гурваас олон удаа буцалгавал хавдар үүсгэгч бодис “үйлдвэрлэдэг” хэмээн тухайн үед эмч нар хэлж байв.

Тэгвэл энэ сарын эхээр нийслэлийн “Sin¬gapore school of Mongolia” хэмээх хувийн сургуулийн багш, сурагч нийлсэн 84 хүн хоолонд хордож, тал хувь нь эмнэлэгт хэвтсэн. Тэдний 30-аас нь цусан суулгын нян илэрснийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан билээ. Юунаас болж багш, сурагч олноороо хордсоныг мэргэжлийн байгууллагууд тандан судлахад хадгалах горим алдсан, дээрх нянгаар бохирдсон байх эрсдэлтэй тахианы бүрмэл мах, далайн байцаагаар ороосон будаа, шарсан төмс идсэнийг илрүүлсэн. Мэргэжлийн хяналтын байцаагч нар тус сургуулийн цайны газраас 43 төрлийн дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон МХЕГ-т хүргүүлсэн байдаг. Шинжилгээний хариу ажлын тав хоногт гарна гэж хэлснээс хойш өдгөө 14 хоног өнгөрчээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхнаас энэ талаар тодруулахад “Холбогдох байгууллагад дээжийг нь илгээсэн. Одоо болтол хариу ирүүлээгүй. Асууж, сурагласан хүн ч алга” гэж хариулав.

Нийслэлийн хэмжээнд 2016-2018 онд олныг хамарсан хоолны хордлого 16 удаа гарчээ. Хамгийн олон нь 355 хордож, бүгдээс нь шигеллийн нян илэрсэн гэж мэргэжлийн хяналтынхны бүртгэлд тэмдэглэжээ. Холбогдох албаныхан иргэдийг хордуулсан аж ахуйн нэгжүүдэд гурав хүртэлх сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан болоод өнгөрсөн байх юм.

Эрх баригчид нь хорт утаанаасаа салъя гэж хичээдэггүй, хөрсөө эрүүлжүүлэх тухай боддоггүй. Мөнгөтэй, ар талтай компаниуд нь иргэдэд муудсан, “өвчтэй” хоол хүнсээ худалдчихаад юу ч болоогүй юм шиг үйл ажиллагаагаа явуулсан хэвээр. Энэ бүхний эцэст жирийн иргэд хохирсоор. Жилд өчнөөн мянгаараа цусан суулгын халдварт өртөж, насаараа ходоодны шарх, хавдрын эс тээн амьдрах хэрэг үү. Иргэнээ боддоггүй нийгэмд энэ муухай өвчнөөс өөрсдийгөө л хамгаалахгүй бол горьгүй нь.

ЗӨВЛӨГӨӨ

  • Дахин боловсруулахгүй хүнсний бүтээгдэхүүн, ногоо, жимсийг сайтар угааж хэрэглэх
  • Худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноо, хаяг, шошгыг сайтар нягтлах
  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах хугацаа хэтэрсэн, эсэх, сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Мах, ногоо хэрчдэг мод, хутгаар талх, цөцгийн тос, бялуу, хиам, хэрчихгүй байх
  • Хөргөгчинд нэг дор ногоо, жимс, талх, бялуу, мах, махан бүтээгдэхүүн цөцгийн тос хадгалахгүй байх
  • Тосыг олон удаа буцалгаж, хэрэглэхгүй байх
  • Ус түгээх цэг, ус хадгалах сав, лаазыг долоо хоногт хоёроос олон удаа угаах
  • Хог хаягдлыг усны эх булгаас хол хаяж, шатаах. Учир нь ил задгай хог хаягдал нь борооны усаар зөөвөрлөгдөн, ногооны талбайг бохирдуулдаг.
  • Ил задгай бие засахыг хориглох, жорлон, бохирын цооног, муу усны нүх зэргийг шаардлагын дагуу барих
  • Дулааны улиралд нүхэн жорлон, муу усны нүх зэргийг хлор агуулсан бодисоор тогтмол халдваргүйжүүлэх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)