Орос, Энэтхэгийн хооронд зэвсэг худалдах гэрээ байгууллаа


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Энэтхэгт айлчлах үеэр зенитийн пуужингийн “С-400” буюу “Триумф” систем нийлүүлэх гэрээ байгууллаа. Гэхдэ АНУ хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж буй учир уг гэрээ хэрэгжихгүй болж мэдэх юм гэж ВВС мэдээлэв. Юутай ч Шинэ Дели хотод болсон хэлэлцээний дараа баталсан хамтарсан мэдэгдэлдээ В.Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар ийм гэрээ байгуулсанд баяр хүргэсэн байна. Кремлиэс урьд нь мэдээлснээр уг гэрээ таван тэрбум гаруй ам.долларын өртөгтэй аж.

Харин Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчинд далай, тэнгис дэх атомын шумбагч онгоцыг эрж, устгах, агаарын болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зориулалттай, Оросын цэргийн дөрвөн хөлөг онгоц нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зураагүй ч хэлэлцээ үргэлжилж буй тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.

“Триумф” систем ОХУ-аас авч байгаа гурав дахь улс нь Энэтхэг болж байна. 2014 онд Хятад улс уг системээс 1.9 тэрбум ам.долларын хэсгийг, өнгөрсөн онд Турк 2.5 тэрбумынхыг авсан билээ.

Үүнээс өмнө Энэтхэгт дээрх системийн 5.5 тэрбум ам.долларын хэсгийг нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хоёр жилийн өмнө В.Путиний айлчлалын үеэр байгуулсан юм.

ОХУ-аас зэвсэг худалдан авсан улсад хориг арга хэмжээ авах CAATSA хуулийг өнгөрсөн онд АНУ-ын баталсан. Үүний дагуу “Су-35” сөнөөгч нисэх онгоц, “Триумф” цогцолборын төхөөрөмж Оросоос худалдан авсан Хятадад АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн сарын 21-нд хориг арга хэмжээ авсан билээ. Мөн өнгөрсөн долоо хоногт “Коммерсант” сонинд мэдээлснээр дээрх хууль Индонезэд “Су-35” онгоц нийлүүлэх хугацаанд нөлөөлжээ.

Өнгөрсөн сарын эхээр Шинэ Делид АНУ, Энэтхэгийн Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайд нар уулзсан. Тэр үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео CAAT­SA хуулийг шаардлагатай үед хэрэгжүүлэхээ мэдэгдээд, Энэтхэг улс Оросоос пуужингийн систем худалдан авах гэрээний талаар хараахан шийдвэр гаргаагүйг тэмдэглэсэн аж.

АНУ-ын төлөөлөгчид Энэтхэгт айлчлах үеэр Холбоо харилцаа болон аюулгүй байдлын хэрэгслүүд зэрэгцэн оршиж болох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ гэрээний дагуу АНУ Энэтхэгт өндөр технологийн зэвсэг худалдахын сацуу тус улсын Оросоос худалдан авах зэвсгийн талаарх мэдээллийг авах боломж олгосныг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан Алексей Куприянов “Ведомости” сонинд мэдээлжээ.

Энэтхэгийн Сайд нарын танхимын аюулгүй байдлын хороо таван тэрбум гаруй ам.долларын зэвсэг худалдан авахыг зөвшөөрсөн нь өнгөрсөн сарын эцсээр тодорхой болсон билээ. Энэ нь тус улс АНУ-аас хориг арга хэмжээ авахгүй байх баталгаа авсныг илтгэж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)