“Орос хариуцлагаас зугтаж байгаагүй”

Амстердамаас Куала-Лумпур руу нисэж явсан Малайзын “Боинг” онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Донецкийн тэнгэрт осолдсон билээ. Онгоцонд сууж явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн. Тэдний олонх нь Нидерландын иргэн байв. Энэ осолд Донецкийн БНУ-ыг Киев буруутгадаг. Энэ хэр өндөрт яваа онгоцыг сөнөөчих чадвартай хэрэгсэл бидэнд байхгүй гэж Донецк мэдэгдсэн.

Австрали, Бельги, Малайз, Украин, Нидерландын мэргэжилтнүүд орсон Хамтарсан мөрдөн шалгах групп энэ хэргийг мөрдөн шалгаж буй. Энэ групп онгоцыг сөнөөсөн зенит-пуужингийн “Бук” төхөөрөмжийг “Боинг”-д цохилт өгөх байрлалд хүргэсэн дөрвөн хүний нэрийг өнгөрсөн сарын илтгэлдээ оруулсан байна. Эдгээр нь Оросын иргэн Игорь Гиркин, Сергей Дубинский, Олег Пулатов, Украины иргэн Леонид Харченко аж. Тэднийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, хүн амины хэрэгт нь ял оноох юм байна. Шүүхийн ажиллагаа ирэх оны гуравдугаар сард эхлэх гэнэ.

Нийгмийн сүлжээн дэх фото зураг, сэтгүүлчдийн асуултад Гиркин, Бородой нарын өгсөн хариулт, интернэтийн мэдээ зэрэг эргэлзээтэй эх сурвалж дээр үндэслэн ял оноовол “тун үндэслэлгүй” гэж үзэхээ Оросын Гадаад хэргийн яам илэрхийлсэн байна. Аливаа хариуцлага Оросын мөрөн дээр тохогдвол түүнээс манай улс хэзээ ч зайлсхийж байгаагүй” гэж Ерөнхийлөгч Владимир Путин онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн болсон үйл явдлын талаар Орос улсад өөрийн таамаглал бий, харамсалтай нь түүнийг хэн ч сонсохыг хүсэхгүй байна” гэж тэрбээр хэлсэн.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Их-20”-ийн уулзалтын үеэр Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттетэй уулзаж 2014 онд Украинд сүйрсэн Малайзийн “Боинг” онгоцны талаар асууж орхижээ.

“Би МН-17”-гийн талаар Ерөнхийлөгч Путинтэй ярилцсан. Нидерландын хийгээд дэлхийн олон орны иргэдийн хувьд энэ нь одоо хэр нь онгорхой шарх болж хоцорсон. Тийм болохоор энэ асуултыг одоо Оросын Ерөнхийлөгчтэй ярилцах боломж олдвол түүнийг би ашиглана” гэж Ерөнхий сайд бодож байжээ.

Ийм яриа үнэхээр болсныг Песков нотолжээ. “Их богинохон хугацаанд, хонгилд тааралдсан юм. Нидерландын Ерөнхий сайдаас гадна уг дээд хэмжээний уулзалтад оролцсон бараг бүх хүнтэй Путин ийм яриа хөөрөө хийсэн” гэж Песков сэтгүүлчдэд хэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)