Орос Монголын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэнэ

Монгол улсын БСШУС-ын Сайд Ж.Батсуурийн ОХУ-ын Москва хотноо хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд шинжлэх ухааны байгууллагуудыг төлөөлж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл оролцоод иржээ. Айлчлал 11 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилсэн юм. Айлчлалын үеэр хоёр тал шинжлэх ухааны чиглэлээрх хамтын ажиллагааг өндөрт түвшинд гаргах зорилгоор салбар дундын судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх, магистраас дээш түвшний сургалтад монголоос залуу судлаачдыг хамруулах, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан лаборатори байгуулах зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал Оросын шинжлэх ухааны сан, Оросын суурь судалгааны сантай хамтран 2017 оноос хэрэгжүүлэх салбар дундын судалгааны төслүүдэд ихээхэн анхаарах шаардлага гарч байгаа бөгөөд цаашид энэ төрлийн төслийн санал боловсруулах чиглэлэийг ШУА, их, дээд сургуулиудад өгөх хэрэгтэйг онцлов. Мөн дээрх сангуудтай тогтвортой хамтран ажиллахын тулд манай талаас цаашид нэгж төсөлд зарцуулах зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн 2017 оны эхний хагаст Оросын суурь судалгааны сангаас зохион байгуулахаар төлөвлөж буй хоёр талын хамтын ажиллагааны сэдэвт семинарын бэлтгэл ажлыг хангах асуудлаар ШУА болон бусад холбогдох байгууллагад чиглэл өгөхөөр тохиролцов. Уулзалтын үеэр Оросын суурь судалгааны сангийн зөвлөлийн тэргүүн, академич Владислав Яковлевич Панченко “2017 оноос уламжлал ёсоор 15-16 төсөл, салбар дундын 4-5 төслийг хамтран хэрэгжүүлнэ. Төсөл сонгон шалгаруулахад хоёр талын оролцоог адил тэнцүү байлгахад анхаарч ажиллана” хэмээв. Айлчлалын үеэр тохиролцсон бас нэг чухал асуудал бол монгол залуу судлаачдыг магистраас дээш түвшний сургалтад Оросын Шинжлэх ухааны Академийн хүрээлэнгүүдэд тэдний хүссэн чиглэлээр хүлээн авахад бэлэн байгаагаа Оросын тал илэрхийлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)