Оросын утаа дэлхийг түгшээж байна

 ОХУ-д багагүй хохирол учруулаад байгаа ойн болон хөвдийн түймрээс үүдсэн утаа, агаарын бохирдол газрын хөрснөөс 12 км-ээс дээш хөөрч агаар мандлын хоёр дахь давхарга стратосферт хүрээд байгааг НАСА-гийн “Терра”, “Аква” хэмээх сансрын хиймэл дагуулуудын авсан зураг харуулжээ.

Эрдэмтэд уг утаа цөмийн болон галт уулын дэлбэрэлтийн улмаас буй болдог пирокумулятивийн үүл үүсгэж болохуйц хэмжээний нягтаршилтай байгааг тодорхойлсон аж. Физик, математикийн ухааны доктор, Москвагийн Геофизикийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн Анатолий Нусиновын хэлснээр энэ утаан давхарга нь нарны идэвхжилтийг даамжруулснаар түймрийн шинэ голомт үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа дэлхий дахины байгаль орчинд ноцтой аюул учруулж буй юм байна.

Одоогийн байдлаар Оросын 20 гаруй хот сууринг хамарсан түймрийн 800 орчим голомт хөрш болон Европын орнуудын байгаль орчинд ч хортойгоор нөлөөлж байгааг “РИА Новости” мэдээллээ. Түймрийн утаа тус орны төвийн болон баруун хэсгээс Украин, Польш, Казахстан руу тархаж эхлээд байгааг ус цаг уурын “Фобос” төв уламжлав. Ердийн хэмжээнээс дөрөв дахин ихсээд буй агаар дахь хорт хийн бөөгнөрөл нь амьсгалын замын халдварт өвчин гарах “таатай” нөхцөл болдог аж.

Агаар дахь үнс, шатсан модны бичил хэсгүүд амаар дамжин уушгинд хураагдаж, хүний эрүүл мэндийг насан турш хордуулах уршигтайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Уралын нуруу, Оросын зүүн өмнөд хэсгээр салхигүй халуун байгаагаас үүссэн үйдвэрийн утаа Омск, Екатеринбург хотын дээгүүр тогтож, иргэд түймрээс гадна агаарын бохирдолд давхар нэрвэгдээд байна. Мөн замын түгжрэл, автомашины утаа ч үүнд зохих “хувь нэмрээ” оруулж буй гэнэ.

Дээрх нөхцөл байдлын улмаас Москва орчмын зургаан хотод онцгой байдал зарлаж, АНУ, Шенгений орнуудад зорчих иргэдийн зөвшөөрлийг түр хугацаагаар хойшлуулсан ба Оросыг зорих жуулчдын тоо ч эрс цөөрчээ.


Х.Одончимэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)