Оросын мөсний бүжигчид алтан медалийг хамав

Уран гулгалтын 2019-2020 оны улирлын гран при цувралын тав дахь гараа болох “Кубок Ростелеком-2019” энэ сарын 15-17-нд болж өндөрлөв. Москва хотын 12 000 хүний суудалтай “Мегаспорт” ордон энэ өдрүүдэд ёстой л “яблоку негде упасть” гэх орос үгийг санагдуулахаар дүүрэн үзэгчтэй байлаа. Арга ч үгүй, энэ улирлын уран гулгалтын гран при цувралд Оросын уран гулгагчид гайхамшигтай амжилттай оролцсон. Ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд орос охид, алдарт дасгалжуулагч Этери Тутберизегийн шавь нар “ноёрхож”, дэлхийг дэлдийлгэсэн. Энэ жилийнх шиг уран гулгалтын гран при цуврал үзэгчид, хэвлэл мэдээллийн анхаарлыг ийн их татаж байсныг өмнө нь төдийлөн дуулсангүй. Яах аргагүй л орос охидын амжилтын ач.

Дэлхий даяар ийнхүү анхаарлаа хандуулж байхад оросууд өөрсдийн гулгагчдаа, охидоо эх орондоо хэрхэн гулгахыг харах гэж шимтэлгүй яах вэ. Үзэгчид хөгжөөн дэмжигчдийнхээ, эх орон нэгтнүүдийнхээ итгэлийг ч Оросын гулгагчид алдсангүй. Спортын хос, бүжгийн хос, эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан гээд бүх төрөлд ОХУ-ын уран гулгагчид алтан медаль хүртлээ. Бүжгийн хослолд В.Синицина, Н.Кацалапов нар хоёр дахь гран пригийн түрүү авснаар (хэдхэн хоногийн өмнө Хятадын гран прид түрүүлсэн) ирэх сарын 5-8-нд Италийн Турин хотод болох гран пригийн “Финал”-д оролцох эрх өвөртлөв. Энэ ташрамд тодруулахад “Финал”-ын төрөл тус бүрт гран при цувралаас өндөр оноотой ердөө зургаан тамирчин, хос оролцдог журамтай. Спортын хослолд түрүүлсэн А.Бойкова, Д.Козловский нар “Финал”-д гулгах болзлоо хангалаа.

Александра Трусова

Тэд өмнө нь Канадын гран прид мөн алтан медаль авсан билээ. Өмнө нь хоёр ч гран прид үзүүрлэсэн ОХУ-ын Д.Павлюченко, Д.Ходыкин нарын хослол оролцох оноогоо биелүүлээд байв. Москвад мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын бас нэг хослол Е.Тарасова, В.Морозов нар ч шалгарах боломжтой.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, мөнгө, хүрэл медалийг орос залуу А.Самарин, Д.Алиев, М.Игнатов нар хүртлээ. Алексей Самарин “Финал”-д гулгах эрхээ авсан бол Дмитрий Алиев шалгарах маш том алхам хийсэн. Эцэст нь, үзэгчдийн, уран гулгалтын спорт сонирхогчдыг хамгийн их татдаг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тухай өгүүлье.

Өмнөх дөрвөн гран прид орос охид алтан медалийг бусдад алдаагүй. Ялангуяа энэ жил насанд хүрэгчдийн тэмцээнд анх удаа оролцож буй 15 настай Анна Щербакова, Александра Трусова, 16 настай Алёна Косторная гээд нэг багшийн шавь нар ээлжлэн түрүүлээд байсан. Анна Щербакова оролцсон хоёр гараандаа хоёуланд нь түрүүлж, “Финал”-ын эрхээ хамгийн түрүүнд авсан.

“Ростелеком”-д Оросоос Трусова, Медведева, Станислава, Константинова нар гулгах зөвшөөрөлтэй байсан тул гол өрсөлдөөн Тутберизегийн шинэ “од” Трусова, түүний “экс шавь” дэлхийн хошой аварга, нэг хүрэл, олимпын хошой мөнгөн медальт Евгения Медведева нарын хооронд болох нь тодорхой байв.

“Хөлийг нь дөрөөнд” хүргэсэн унаган багш Этеригээ 2018 оны олимпын дараа Канадын цуутай гулгагч, нэрт дасгалжуулагч Брайн Орсероор сольж, багт нь орсноос хойш Медведева энэ жилийн ДАШТ-ий хүрэл медалийг эс тооцвол томоохон амжилт гаргаагүй. Энэ жилийн оролцсон эхний гран придээ дөнгөж V байр эзэлсэн юм.

Тиймээс ч энэ удаа эх орондоо, үзэгчдийнхээ өмнө түрүүлж, 15-16 настнуудад “жийгдэх” болоогүй гэдгээ харуулахыг их хичээсэн биз ээ. Богино үзүүлбэрээ ямар ч алдаа, өөгүй гүйцэтгэсэн Медведева оноогоор тэргүүлж, үзүүлбэрээ эхлэхээс өмнө л санамсаргүй хальтирч унаад, үзэгчдийн төдийгүй багш, дасгалжуулагчдынхаа инээдийг хүргэж, өөрөө ч чамгүй жуумалзаад авсан Трусова богино үзүүлбэрийн дараа Медведевагаас хоёр оноо дутуугаар II байрт бичигдсэн.

Бүхнийг шийдэх чөлөөт үзүүлбэр. Медведева зөвхөн түрүүлсэн тохиолдолд л “Финал”-д шалгарах магадлалтай. Тиймээс ч тэрбээр төгс гулгасан. Ямар ч алдаагүй. Гэхдээ л энэ бүхэн түрүүлэхэд хангалтгүй байлаа. Учир нь, түүний өрсөлдөгч нь дөрвөн эргэлттэй үсрэлт хийхдээ гарамгай Саша шүү дээ.

Трусова чөлөөт үзүүлбэр дээрээ унасан. Бүр хоёр удаа. Дөрвөлсөн сальхов, гурвалсан лутц+гурвалсан тулупын каскад (комбинаци) дээр. Гэвч Трусова дөрвөн эргэлттэй лутц, тулуп+3 тулупын каскад, тулуп+ойлер+3 сальхов гээд дөрвөн эргэлттэй гурван үсрэлт, мөн гурван лутц, хоёр аксель гээд өндөр үнэлгээтэй үсрэлтийг амжилттай гүйцэтгэж, оноогоо ахиулсаар алтан медаль хүртэв. Эмэгтэй уран гулгалтад дөрвөн эргэлттэй үсрэлт хийдэггүй тамирчид түрүүлэхэд тун хэцүү болжээ. Медведева гайхалтай сайхан гулгасан бол Трусова гайхамшигтай гулгасан гэж дүгнэж болно.

Ийнхүү хоёр дахь гран придээ түрүүлсэн Саша Трусова “Финал”-д гулгах “тийзээ” авлаа. 15-тай хоёр орос охин, нэг багшийн шавь хоёр гулгагч одоогоор энэ эрхийг өвөртлөөд байна. Яах аргагүй л Этери Тутберизе дасгалжуулагчийн шавь нар эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ойрын хэдэн жил ноёлох нь. Загитова 17, Косторная 16, Трусова, Щербакова хоёр чацуу 15 настай.

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.ЭНХТҮВШИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)