Оросууд палеонтологийн олдворт монгол нэр өгчээ

Ломоносовын их сургуулийн Геологийн салбарын олон улсын судлаачдын баг плиозаврын төрлийн, шинэ зүйлийн хэвлээр явагчийг судалж, үр дүнгээ “Өнөөгийн биологи” сэтгүүлд хэвлүүлжээ. Үүнийг ОХУ-ын Ульяновск мужаас 20 км-ийн зайд, Волга мөрний эрэг орчмоос 2002 онд илрүүлсэн юм байна.

Энэ нь дэлхий дээр бүрэн бүтнээрээ олдоод байгаа плиозаврын төрлийн ганц үлэг гүрвэл аж. Судалгааны багийн гишүүн Николай Зверков “Энэ олдвороо “Лусын хаан ижил” (Luskhan itilensis) гэж нэрлэсэн. Алтан ордны үед монголчууд усны эзнийг лусын хаан, Волга мөрнийг Ижил гэдэг байсан учраас ийм нэр өгсөн” гэжээ. 6.5 метр урт ясыг нь судалж, Юрийн галав, Хожуу цэрдийн үед амьдарч байсныг тогтоосон байна.

“Олдвороо хэд хэдэн аргаар судалж, зарим онцгой шинж илрүүлсэн. Бусад плиозавртай харьцуулахад урт хошуутай, нарийн гавалтай, жижиг шүдтэй юм билээ. Плиозаврын олон янз байдал нь түүний хувьслын түүх адармаатай байсныг харуулж байна” гэж Николай Зверков ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)