Оросуудад өгөх “бэлэг” байна уу

“Оросын холбооны улс Монголын Засгийн газарт зээл олгохоос татгалзжээ” гэсэн мэдээллийг “Интерфакс” агентлаг дамжуулсныг оны төгсгөлд гадаадын хэвлэлүүд онцлов. Манай хэвлэлүүд ч мэдээллийг орчуулан хүргэлээ. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн сарын дундуур хойд хөршид ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үеэрээ 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.доллар зээлэх санал тавьсан гэнэ.

Монголын тал зээлсэн хөрөнгөө хэрхэн зарцуулахаа тайлбарлаагүйгээс оросууд татгалзсан гэжээ. Энэ талаар аль нэг улсын Засгийн газраас албан ёсны мэдээлэл гаргаагүй байгааг энд дурдууштай. УИХ-ын дарга залгуулаад Кувейт улсад албан ёсны айлчлал хийж, манайд хөрөнгө оруулаач гэсэн санал тавиад байгаа. Монголчууд мөнгө хайж буй нь үнэн. Гэхдээ үндэсний эрх ашигтаа нийцтэй мөнгө хайж яваа.

Далай лам Монголд айлчилснаас шалтгаалж, Хятадууд Монголтой хийх хэлэлцээрүүдээ хойшлуулсан. Шадар сайдын айлчлалыг хойшлуулснаас энэ нь илэрхий болов. Далай ламыг буцсанаас хойш ч Хятадын хэвлэлүүд “түүнийг урилаа” хэмээн буруушаасан мэдээллүүд “хөврүүлж”, төрийн албан тушаалтнууд нь өөрийн хэргээ шийдэх ёсгүй мэтээр авирлаж буй.

Энэ үйлдэл монголчуудын эгдүүцлийг ихээхэн төрүүлж байгааг нийгмийн сүлжээн дэх сэтгэгдлүүдээс харж болно. Ийм нөхцөлд УИХ-ын дарга ОХУ-д айлчилсан нь эрхгүй анхаарал татав. Хятадуудаас нүүр буруулах шалтаг олохоор манайхан Далай ламыг урьчихсан юм шиг сэтгэгдэл төрүүлсэн нь мэдээж. Бас Далай ламыг шашин номын айлчлал хийхэд хятадууд дургүйцэн цааш харж, дүр эсгэсэн нь ч үнэн.

Чухамдаа Монголын Засгийн газар Хятадаас зээлэхээр төлөвлөж байсан дөрвөн тэрбум ам.долларын хэлэлцээр бүтэлгүйтсэн. Манай зарим улстөрч авч болохгүй мөнгийг авах гэж дайраад эцэст нь аман дээрээ алгадуулаад, чимээгүй болсон хэрэг. Яагаад авч болохгүй мөнгө гэж. Хоёр үндсэн шалтгаан бий. Эхнийх нь эдийн засагт тусах өгөөж. Хэлэлцээрийн хөшигний ард ямар яриа өрнөсөн нь тодорхойгүй. Гэсэн ч зах зухаас нь бага зэрэг “гуйвуулан” задарч эхлэв. Хятадууд зээлэх хөрөнгөөрөө тодорхой төслүүд хэрэгжүүлнэ гэсэн. Түүнийгээ зөвхөн өөрсдийн компаниудаар гүйцэтгүүлнэ.

Бүтээн байгуулах бараа материалаа ч Хятадаас авна. Ингэхээр Монголын эдийн засагт 400-600 сая ам.доллар л шууд хэлбэрээр орж ирнэ, бусад нь эргээд эзэндээ очно. Тэгээд Монголын Засгийн газрын өр гэж бичигдэнэ. Урд хөршийнхөн Африкийн орнуудыг яг ийм замаар аргандаа оруулж байгаа билээ. Засгийн газрын зээлийн хүү бага байдаг ч өгч буй орныхоо улс төрийн бодлогыг шингээсэн заалтуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэдэг. Энэ нь эрх ашгийн зөрчил үүсгэх нь бий. Дараагийн шалтгаан нь үндэсний эрх ашгаа хөндүүлэх юм. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсын нөлөөллийг эдийн засгийнхаа гуравны нэгээс хэтрүүлэхгүй “барина” гэсэн агуулгатай заалт бий. Манайх нийт гадаад худалдааныхаа талаас илүүг хятадуудтай хийдэг. Тэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын тэн хагасыг “авчирч” байна. Монголчууд бараа, түүхий эдийнхээ 90 гаруй хувийг Хятад руу экспортолдог. Дөрвөн тэрбум ам.доллар зээлчихвэл Засгийн газрын өрийн тал нь тэднийд ногдоно. Монгол Улсыг Хятадын эдийн засгийн хавсарга болгох аюулыг дэвэргэх учраас авч болохгүй мөнгө юм.

“Бүтэхгүй” хэлэлцээрийн улс төрийн халхавч нь Далай лам байлаа. Тэр монголчуудын идэх гэж байсан амттай хоолыг өшиглөөд асгачихсан хорлогч биш. Хятадууд цаашаа хараагүй, зүгээр хэлэлцээ бүтэлгүйтсэн. Урд хөршийнхөн үнэн голоосоо гомдсон бол “Тавантолгой” төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээр үргэлжлэхгүй байв. Хятадын төрийн өмчит “Шинхуа” группийн дарга Ли Бинг шинэ оны өмнө Монголд саатаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгаад буцлаа. Хэлэлцээр ч үргэлжилж эхлэв.

Ер нь Хятад, манай хоёрын Засгийн газрын зээлийн хэлэлцээр бүрхэг болдог тал бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд Хятад улсад айлчлахдаа 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй нэг тэрбум ам.доллар зээлэх ерөнхий гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Манайхан энэ мөнгийг авч ашиглахаар хөөцөлдсөн ч хятадуудаас “Төмөр замын төслөө л санхүүжүүл” гэсэн хариулт сонсоод “гацсан” удаатай. Хөрш хоёрын дуусгаагүй тоглоомын нэг нь энэ.

Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавих зөвшөөрөл авахаар УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлээд байна. Хятадууд Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг үнэ хөлсгүй хийж өгөхөөр боллоо. Ойрын жилүүдэд дээрх хоёроос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам ашиглалтад орох нь. Ингэхээр Монгол Улс хүссэн, эс хүссэн ч Хятадын эдийн засгийн хавсарга болно. Монголын эдийн засагт Хятадын бодлого ноёлж эхэлнэ. Одоо хятадуудаас зай барих үе өнгөрсөн.

Тиймээс тэднийхээс дутахааргүй хэмжээтэй хөрөнгө оруулалтыг хойд хөршөөсөө татаж, эдийн засгийн тэнцвэрээ хангах хэрэгтэй. Хятад нэгдүгээр, бусад орон хоёрдугаар, ОХУ гуравдугаар зэргийн хөрш гэж үзвэл том эндүүрэл болно. Хоёр хөрштэйгөө улс төр, эдийн засгийн хүрээнд эн тэнцүү сайн харилцаатай байх ёстой. Хоёрхон, тэгээд аварга том хөрштэй байх хэцүү бололтой. Аль нэгэнд нь заавал татагдах гээд байдаг юмсанж. Оросуудаас бүрэн хамааралтай явсан түүх Монгол Улсад бий. Одоо Хятадын хүчинд алгуурхнаар автаж байна.

Оросууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдсанаар эдийн засгийн тэнцвэр урагшаа илт хазайж эхэлсэн. Одоо ОХУ-ын Монгол дахь бодитой хөрөнгө оруулалт гэвэл “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг л үлдэв. Хэдийгээр том аж ахуй ч улс орны хэмжээнд авч үзвэл жингийн тавиур дээрх жижигхэн туухай юм. Тэгэхээр оросуудтай юуг хамтарч бүтээн байгуулах бэ? Тэдний хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ? Заавал хариулт олох шаардлагатай ийм нэгэн асуулт Монголын улстөрчдийн өмнө тулгарчээ. Гэнэн сонсогдож байж магадгүй, Асгатын мөнгөний ордоо оросуудын хөрөнгөөр ашиглуулах уу?

Оросууд “Та нар худалч, хуншгүй” гэсэн үгийг ил цагаан хэлдэг болжээ. Тэднийг хүч буурай, жижиг орон гэдгээрээ далимдуулан манайхан олон удаа мэхэлсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ээс ногдол ашиг хуваарилаагүй гэх мэт жижиг сажиг асуудал зөндөө бий. Хамгийн сүүлд “Тавантолгой” төсөлд оролцуулна гээд хуурсан. “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн Монголд байгуулсан “Дэд бүтцийн хөгжил” компанид төмөр зам тавих зөвшөөрөл олгоод, эргүүлж цуцлаад л. Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин Монголд үе үе морилж, сайд дарга нартай уулздагаа ч больжээ.

Тэрбээр Хятад руу нарийн царигийн төмөр зам тавихаар шийдвэрлэхийн өмнө буюу 2013 оны тавдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж байв. Түүнээс хойш үзэгдсэнгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг худалдаж буй нь оросууд Монголоос сонирхлоо татаж байгаагийн илэрхийлэл. “Кремль”-ийнхэн “Монголын хувь заяаг одоо Хятад шийднэ” гэж ярьдаг болсныг манай зарим улстөрч ярьж явна. 

Ийм нөхцөлд ОХУ-аас мөнгө зээлэх хүсэлт тавьсан нь зөв. Бид эдийн засгийн тэнцвэрээ алдахаас сэргийлэх учиртай. Нэгэнт алдчихвал эргүүлэн тэнцвэржүүлэхэд ярвигтай. Хятад улсын “Нэг бүс, нэг зам” санаачилга дэлхийн эдийн засаг, худалдааны голдирлыг эрс өөрчилнө гэж олон улсын шинжээчид дүгнэж буй. Урд хөршийн “татах хүч” улам нэмэгдсээр л байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)