Орон сууцын эрэлтэд дөрөөлсөн ОВЖИН ЭТГЭЭД ОЛШИРЛОО

Манай улсын хүн амын 60-аас илүү хувь нь Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч буй. Тэр хэрээрээ хотыг тэлж, утаа “үйлдвэрлэж”, түгжрэл үүсгэдэг. Бэрхшээл үүсгэж буй эл асуудлаас ангижрах хамгийн зөв шийдэл нь айл бүрийг орон сууцжуулах гэдгийг Засгийн газар, хотын удирдлага хүлээн зөвшөөрсөн билээ. Тиймээс гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслүүд хэрэгжүүлж буй.

Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч үйл ажиллагааны хөтөлбөртөө орон сууцын хангамжийг нэмэх, ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгуудыг нураах, иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөж, барилгажуулахаар тусгасан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр нийслэлийн ИТХ-ын 2014 оны 90 дүгээр тогтоолоор ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөж, барилгажуулах журам баталсан юм. Журмын дагуу Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дахь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглахыг хориглосон 79 барилгыг буулгаж, шинийг барих ажил эхлүүлсэн. Харамсалтай нь, энэ ажлын хэрэгжилт хангалтгүй байна. Гэтэл нийслэлийн удирдлага “Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгах, дахин барих нь төсөл хэрэгжүүлэхээр тендерт шалгарсан компаниудын гүйцэтгэх ажил. Энэ асуудалд нийслэлээс ямар нэгэн оролцоо үгүй” хэмээж буй. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор хотын 25 байршилд, хэсэгчилсэн 74 талбайг дахин төлөвлөж, барилга барихаар болсныг эргэн сануулъя. Өнөөдрийн байдлаар 38 хэсэгчилсэн талбайд 30 гаруй компани төсөл хэрэгжүүлж байгаа юм. Бас л хэрэгжилт хангалтгүй, иргэдэд ирэх үр өгөөж нь бага гэсэн шүүмжлэл бий. Тиймээс зарим компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж эхэлсэн. Анхнаасаа цаасан дээр бүртгэлтэй, цүнхний компаниудыг тендерт шалгаруулсны гор гэж шүүмжлэх хүн олон.

Уг нь, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахад цөөнгүй байгууллага хяналт тавих үүрэг хүлээсэн. Тухайлбал, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Газрын алба, Хөрөнгө оруулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Орон сууцын дэд бүтцийн газар зэрэг төрийн байгуулага үйл ажиллагаагаа уялдуулж, тендерт шалгарсан компаниудыг шахах учиртай. Гэтэл иргэдийг орон сууцжуулах ажлын хэрэгжилт болон барилгажилт яагаад удаашраад байгаа талаар мэдээлэл өгөх байгууллага олдохгүй шахам, албан хаагчид зугтаах шинжтэй.

Нийслэлийн зарим даргын энэхүү назгай, амиа аргацаасан үйлдлийг ашиглан үл бүтэх нөхөд залилан мэхлэх гэмт хэрэг өдүүлсэн сурагтай. Прокурорын байгууллагаас “Нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган, дахин барилгажуулах хүрээнд тендер олж өгнө” хэмээн хувь хүн, хуулийн этгээдийг төөрөгдүүлэн, залилан мэхлэх, улмаар мөнгө авах явдал хэд хэд гарсан. Уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж буй” хэмээсэн юм.

Үүний нэг тод жишээ болсон “Нарны хүү, сарны охин” компанийн хохирогчид оны өмнөхөн хэвлэлийнхэнд хандсан билээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн Мөрдөн байцаах тасагт уг хэргийг шалгасан. Өдгөө Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хэргийг хянаж байгаа гэнэ. Тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар “Амар амгалан” орон сууцын төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээж, тэднээс 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан ч амласан орон сууцаа өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй юм. Энэ маягаар тэд 400 орчим иргэнээс дөрвөн тэрбум гаруй төгрөг залилсан аж.

Ер нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу хүмүүсийн нэрлэдгээр байрны ордер болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан цөөнгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгасан.

Цахим орчин дахь зарын групп, “Unegui.mn” зэрэг цахим хуудсыг гэмт этгээдүүд ашиглан залилан хийдэг аж. Анзаарсан бол “0-3 настай хүүхэдтэй ээжүүд”, “Ажилд авна. Өдрийн болон байнгын ажил байна” зэрэг группэд “Ажлынхаа хажуугаар мөнгө олохыг хүссэн хүн бүрт давхар ажил санал болгоё”, “Гэрээсээ мөнгө олох хялбар арга байна” гэсэн агуулгатай зар олон байдаг. Тэгвэл эдгээр “амттай” зарын ард залилагч нуугдаж байдгийг прокурорын байгууллагаас анхаарууллаа. Залилагчид цахим хуудас ашиглан “Ирэх жил ашиглалтад орох байр, зах зээлийн үнээс хямд борлуулна”, “Засвар хийсэн, бүрэн тавилгатай байр маш хямд түрээслүүлнэ” гэх зар байршуулдаг. Өнөөдрийн байдлаар орон сууцын дундаж үнэ зах зээлийн ханшаар ам метр нь ойролцоогоор 1.6 сая төгрөг байгаа. Байр түрээслэх бол нэг сарын төлбөр нь өрөөний тоо, зэрэглэлээс хамааран дунджаар 400 000-1 800 000 орчим төгрөг байдаг. Харин залилагч нар дээр дурдсанаас 300 000- 500 000-гаар хямд үнэ цахим орчинд байршуулдаг. Хямд үнэ харсан иргэд залилагчийн дугаар луу залгадаг. Үүнийг нь амдаж байсан зальт этгээд “Би хөдөө байна. Орой хот орно” гэх мэтээр үнэд орж иргэдийг олон дахин залгуулж, хүлээлт үүсгэдэг гэнэ. 

Улмаар “Олон хүн залгалаа. Хэн түрүүлж урьдчилгаа өгнө. Түүнд байраа түрээслүүлнэ, зарна” хэмээдэг аж. Иргэд амьдрах гэж буй орон сууцаа үзэж хараагүй хэрнээ мөнгө урьдчилаад өгчихдөг юм байна. Харин хүлээн авагчийн данс нь хүүхдээ харж буй эмэгтэйчүүд, гэртээ суугаа жирэмсэн эхчүүдийнх. Өөрөөр хэлбэл, гэртээ суугаа эхчүүдэд санал болгосон ажлын ард ийм залилагчид байдаг. Мэдээж дансаа ашиглуулсан ээжүүд “хам хэрэгтэн” болно. Үүнээс гадна орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэргийн арга улам нарийсаж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэв. Тодруулбал, орон сууцын эзэмшигчийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн хаяг байршил, гэрчилгээний дугаарыг мэдсэн этгээд үнэт цаас ашиглан, улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдэг зэргийг хуурамчаар үйлдэн бусдыг залилах болжээ. Иргэдээс гадна банк болон банк бус санхүүгийн байгууллагынхан ч хохирогч болдог аж. Зальт этгээд хуурамч гэрчилгээ ашиглан иргэдээс их хэмжээний мөнгө залилахаас гадна арилжааны банк, ББСБ, ХЗХ-ноос өндөр дүнтэй зээл авдаг гэсэн үг. Ингэхдээ тухайн орон сууцыг урьдчилан түрээсэлж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр тохижуулан танилцуулдаг гэнэ.

Ийм нэг хэргийн хохирогч Г “Удаан хугацаагаар байр түрээслэхээр есөн сая төгрөг өгөөд залилуулчихлаа. Хуулийн дагуу гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Гэтэл байрны түрээслэгч цаанаа дам түрээслэгч байж таарав. Гэмт этгээд надаас гадна 70 гаруй хүнийг залилсан гэдгийг цагдаагийнхан хэлсэн. Гэр бүлээрээ нийлж залилдаг. Хамгийн гол нь тэд цагдаа, шүүхийг үл тоон доромжлоод явж байна. Улмаар намайг “Цагдаад гомдол гаргавал чамайг ална, гэрээр чинь хүйс тэмтэрнэ” гэж дарамталсан. Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа” хэмээн ярьлаа.

Баянзүрх дүүрэгт ч байрны залилан цөөнгүй гарчээ. Тухайлбал, 2018-2019 онд байр орон сууц түрээслэнэ хэмээн залилсан 35 бүртгэгджээ. Эдгээрийн есийг нь шүүхээр шийдүүлсэн аж. Үлдсэн хэргийг мөрдөн шалгаж буй. Тус дүүргийн Прокурорын газраас дээрх хэргийн илрүүлэлтийг эрчимжүүлэх албан даалгавар мөрдөгч нарт өгсөн гэнэ.

Өөрөөр хэлбэл, иргэдийн орон сууцтай болох гэсэн эрэлт, хэрэгцээнд тулгуурласан залилан газар авах шинжтэй байгааг прокурорууд онцолж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)