Орон нутгийн эмнэлэг олон улсын стандартад ойртож байна

Азийн хөгжлийн банк (АХБ)-ныхан 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл манай улстай хөгжлийн олон талт түнш байсаар ирсэн. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарт үнэлж баршгүй тусламж, дэмжлэг үзүүлж буйг дурдах нь зүйтэй. АХБ “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийг орон даяар амжилттай хэрэгжүүлээд, дуусах шатандаа оржээ. 

Тус банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн болон холбогдох албаны хүмүүс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажилласан талаарх мэдээллийг бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт АХБ ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хэрхэн үр дүнд хүрснийг энэ удаа сийрүүлье.

Сэлэнгэ аймаг 109 мянган хүн амтай, 17 сум, зургаан тосгонтой. Алтанбулаг, Сүхбаатар хилийн боомттой тул аймгийн төвөөр дайран өнгөрөх хүн олон. Зам, тээврийн осол цөөнгүй гардаг учир аймгийн эмнэлгийнхэн гэнэтийн зүйлд заримдаа барьц алддаг тухайгаа учирласан. АХБ-ныхан 2012 оноос “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийг дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлжээ.

Үүнд эмнэлгүүдийн Ариутгалын тасаг, нян судлалын лабораторийг бүрэн засварлаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангаж байна. Мөн цусны салбар төвүүдийн чанар, аюулгүй байдлыг сайжруулан, дэлхийн жишигт нийцсэн төхөөрөмжид суурилсан цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлжээ. Эцэст нь эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр түр хадгалах байрууд барьж буй гэсэн.

“ӨВЧТӨНД “БҮХЭЛ” ЦУС ШАХДАГ БАЙЛАА”

Дээрх төслийг хэрэгжүүлж буй аймгуудын нэг нь Сэлэнгэ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг 310 ажилтантай, 18 тасаг, нэгжтэй, жилд 120-125 мянган хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, 8000-9000 хүн хэвтэн эмчлүүлдэг аж. 2014 онд Засгийн газрын 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ЭХО аппарат, дуран, нүд, чих, хамар, хоолой, сонсголын аппаратаа бүрэн шинэчилж, амбулаторийн тусламж, үйлчилгээг саадгүй явуулах болжээ. Аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр энэ онд компьютерт томографтай болсноо тус эмнэлгийнхэн хэлэв. Ингэснээр орон нутагтаа бүх өвчнийг оношлох боломж бүрдсэн гэнэ.

Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг “Амбулаториор үйлчлүүлэгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, барилга байгууламжийн гадна, доторх орчин сайжирсантай холбоотойгоор иргэд Орхон, Дархан-Уул аймаг, эсвэл Улаанбаатар руу явах нь цөөрсөн. Засгийн газар, орон нутгийн төсвөөс эмнэлэгт багагүй хөрөнгө оруулсны хүчинд иргэд шатлал алгасаж үйлчлүүлэхээргүй болсон. АХБ-ны манайд хэрэгжүүлж буй төсөл чухал ач холбогдолтой. 

Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, дотоод халдвар гарахаас сэргийлэх, цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөц бүрдүүлэх, эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх чиглэлээр их хэмжээний хөрөнгө оруулсан. Эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэдэг, багаж, хэрэгсэл, боолт, самбайг яаж ариутгадгийг иргэд мэдэхгүй. Гэвч энэ бүхэн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Манай аймаг төв зам дагуу байрласан, олон улсын боомтуудтай ойролцоо байрладаг. Үүнтэй холбоотойгоор осол, гэмтэлд өртсөн хүн цөөнгүй ирдэг. Мөн сүүлийн жилүүдэд төрөхийн хүндрэлийн улмаас цус алдах тохиолдол ихэссэн. 

Энэ бүхэнд шингэн сэлбэх шаардлагатай. Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд салбар төвийг бүрэн засварлаж, 44 нэр, төрлийн, 66 тоног төхөөрөмжөөр хангасан. Өмнө нь бид их хэмжээний шингэн сэлбэх шаардлагатай өвчтөнд эмнэлгийнхний хэлээр “бүхэл” цус шахдаг байлаа. Энэ нь тухайн өвчтөнд шаардлагатай элементийг бус, цусыг тэр чигт нь хийдэг гэсэн үг. Харин одоо дээрх төслийн ачаар цуснаас шаардлагатай бүтээгдэхүүнийг нь ялган, үйлдвэрлэж, хадгалдаг болсон” гэж ярилаа.

Тус эмнэлгийнхэн өмнө нь донорын цуснаас улаан эс, сийвэн гарган авч, улаан эсийн өтгөрүүлэг, хөлдөөсөн шинэ сийвэн хийдэг байсан бол өдгөө арван нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Цус, цусан бүтээгдэхүүнийг гар аргаар хольж, ахуйн хөлдөөгчид нэг жил хадгалж, орчны температурт гэсгээдэг зовлон нь үгүй болсон гэсэн үг. Зориулалтын хөргүүрт, хасах 80 градуст хоёр жил хүртэлх хугацаанд хадгалснаар цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөц бүрджээ.

ДӨРВӨН САРЫН ХУГАЦААНД 46 000 БАГАЖ, ХЭРЭГСЭЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖЭЭ

Эрүүл мэндийн байгууллагын “зүрх” нь Ариутгалын тасаг байдаг. Сүүлийн жилүүдэд төв эмнэлгүүдийн халдвар хамгаалал сайжирч, ариутгах, халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжөөр хангагдаж буй ч аймаг, дүүргийн эмнэлгүүд хоцрогдсон хэвээр. Эмнэлэгт маш олон төрлийн халдвар тархдагаас манайд элэгний В, С вирус, нярайн болон хагалгааны дараах шархны халдвар, агаар дуслын замаар, мэс заслын багаж, гуурсаар дамжин өвчин тархах магадлал өндөр байгаа. Энэ бүхэн тухайн эмнэлгийн ариутгах үйл явцтай шууд холбоотой.

Гурван ширхэг төмөр сав эгнүүлж тавиад, цустай багаж, хэрэгслийг гараараа угааж, ээлжлэн зайлж, хатааж буй дүр зургийг XXI зууны Монголоос л харж болно. Итгэмээргүй ч үнэн. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэн ч ийм дамжлагаар багаж, хэрэгслээ ариутгаж иржээ. Бээлийтэй угаахаар энд, тэнд нь “юм” үлдчихнэ хэмээгээд нүцгэн гараараа өдөржин “нухдаг” байснаа эмнэлгийн ажилтнууд хэлсэн юм. Харин АХБ-ны “Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” төслийн хүрээнд зассан Ариутгалын тасаг нь олон улсын стандарт хангаж, 13 нэр, төрлийн 15 ширхэг автомат тоног төхөөрөмжтэй болжээ. 

Өрөө тасалгааны зохион байгуулалт нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв урсгалтай болж, вакум орчин бүрдүүлсэн байна. Агааржуулалтын иж бүрэн хоолой, эмнэлгүүдийн Ариутгалын тасгуудад өмнө нь ашиглаж байгаагүй угаах, халдваргүйжүүлэх машин, хэт авиан цэвэрлэгч, хийн плазмын ариутгагч, багаж хатаах төхөөрөмж, ус цэвэршүүлэх систем зэргийг суурилуулснаар эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл буурч, багаж, хэрэгслийн ариутгалын чанар, аюулгүй байдал дээд түвшинд хүрснийг тус тасгийнхан онцолсон. Аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэн жилд 110 мянган ширхэг багажийг гар аргаар ариутгадаг байсан бол энэ оны эхний улиралд гэхэд 46 000-ыг халдваргүйжүүлээд байгаагаа дуулгав.

Ариутгасан багаж, төхөөрөмжид халдварын голомт бий, эсэхийг нян судлалын лабораторийнхон хянаж, шалгана. Дээрх төслийн хүрээнд тус лабораторийг мөн бүрэн шинэчилж, дэвшилт тоног төхөөрөмжүүдээр хангажээ. Өмнө нь гар аргаар өсгөвөрлөсөн нянгаа тарьж, оношилдог байсан бол ийм төхөөрөмжийн ачаар 8-9 аргаар, 10 гаруй тэжээл хийж, шинжилж байна. Түүнчлэн тус лабораторид нянгийн гаралтай халдварын сорьцоос дээж авч, антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлдог болжээ. Ингэснээр тухайн өвчтөнд тохирох эм хэрэглэж, эмчилгээний үр дүн богино хугацаанд гарч, эмнэлгийн хөрөнгийг хэмнэх сайн талтайг эмч нар хэлсэн юм.

ИРГЭД САРД 23 САЯ ТӨГРӨГИЙН ШИНЖИЛГЭЭГ “ҮХҮҮЛЖ” БАЙНА

Манай эмнэлгүүдэд тулгамддаг асуудлуудын нэг нь яах аргагүй хог хаягдал. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэхэд жилд 20 тн хатуу хог хаягдал, хүний эд, эс, эхэс зэргийг зориулалтын уусмалд хийсэн 30 000 л бохир гардаг юм байна. “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг сайжруулах” төсөл хэрэгжүүлснээр үзүүртэй, хатуу хог хаягдлыг буталж, жижиглэн, ариутгаад хогийн цэгт хаяхад ямар ч асуудалгүй болсон гэнэ. Уг төслийн хүрээнд хог хаягдлыг түр хадгалах байртай болгож буй бөгөөд энэ онд ашиглалтад оруулах юм байна. Үүний хүрээнд хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлжээ.

АХБ “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан нь энэ. Гэхдээ эмнэлэгт нийлүүлсэн тоног төхөөрөмж, тасаг, лабораторийн хэвийн үйл ажиллагааг тогтвортой хангах асуудал маш чухал юм. Энэ талаар эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэгээс тодруулахад “Ариутгалын тасагт нийлүүлсэн автомат төхөөрөмж гэхэд багаж, хэрэгслийг нэг удаа цэвэрлэхэд 116 000 төгрөгийн уусмал шаарддаг. Жилд 73 сая төгрөг гэсэн үг. Тэгвэл нян судлалын лабораторид нэг хүнд бактерилогийн шинжилгээ хийхэд 45 000 төгрөгийн урвалж ашиглаж байна. 

Хамгийн багаар бодоход, өдөрт таван хүнд эл шинжилгээг хийхэд жилд 81 сая төгрөгийн урвалж бодис хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлж, тохирсон эмчилгээг нь хийнэ. Дээр нь тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний зардал шаардлагатай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах горимд зарим хэрэгслийг нь улирал, жил тутамд солих шаардлагатайг тусгажээ. Ингэж байж л эдэлгээ нь уртасдаг. Засгийн газар, холбогдох яам, орон нутгийн захиргаа биднийг бодлогоор дэмжих байх. 

Үүнээс гадна иргэдэд буруу хандлага байна. Эмнэлэг тоног төхөөрөмжөө шинэчлэв үү, үгүй юү ямар ч шаардлагагүй үзлэг, шинжилгээ хийлгэх гэж улайрдаг. Гэтэл нэг эмчид үзүүлэхэд даатгалаас нь 15 000 төгрөг суутгаж байгааг мэддэггүй. Жишээлбэл, лабораторид эрсдэл их гарч байна. Үнэгүй болохоор иргэд янз бүрийн шинжилгээ их өгнө. Гэтэл сард 23 сая төгрөгийн шинжилгээний хариуг авахгүй, хаяж байна. Ямар ч шаардлагагүй хийлгэсэн нь үүнээс харагддаг” хэмээн өгүүлэв.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Нийт 38.1 сая ам.долларын өртөгтэй, манай Засгийн газраас 7.7 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Төслийн гол зорилго эмч, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг сайжруулах, эмнэлгийн тусламжийг чанартай үзүүлэх явдал юм. Дөрвөн үндсэн чиглэлтэй, нэгдүгээрт, цусны аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон 21 аймаг дахь салбар төвийн барилгыг бүрэн засаж, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжөөр ханган, мэргэжилтнүүдийг нь сургаж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холболоо. 

Ингэснээр цусны бэлэн байдал хангагдаж, нэр, төрөл нь олшрон, цусаар дамжих халдварыг бараг тэглэсэн. Хоёрдугаарт, 22 эмнэлгийн Ариутгалын тасгийг шинэчлээд дуусаж байна. Төслөөс хэмнэлт гарсан тул ЭХЭМҮТ, ГССҮТ, болон ХӨСҮТ зэрэг нийслэл дэх 4-5 эмнэлэгт “Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” төслийг үргэлжлүүлэх боллоо. Эл төслийн ачаар эмнэлгүүдийн тарианы хөвөн, боолт, багажнуудыг ариутгах хүчин чадал гурав дахин нэмэгдэж, чанар нь сайжирсан. 

“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төсөл 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Гэхдээ төслөөс хэмнэсэн мөнгөөрөө таван эмнэлгийн Ариутгалын тасгийг засаж, шинэчлэх болсон тул хугацаа нь жилээр хойшилж байна. Удахгүй салбарын зургаа дахь төслийг хэрэгжүүлнэ” гэж ярилаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)