Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 30-нд гардуулна гэв

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэн хэлэхдээ "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-ны өглөөний 07 цагаас орой 20 цаг хүртэл явагдахаар болсон. Өмнө нь бид нэгдсэн хуулиар сонгууль зохион байгуулдаг байсан бол энэ жил аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар зохион байгуулагдана. Тус хууль нь 2020 оны нэгдүгээр сарын 30-нд батлагдсан юм. 

Энэ жилийн орон нутгийн сонгуулийг УИХ-ын дөрөвдүгээр сарын 15-ны тогтоолоор товлосон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгууль зохион байгуулагдсан үеэс орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн гэдгийг онцлон хэлье. Мөн энэ сонгуулиар улсын бүртгэлийн техник хэрэгсэл, санал авах төхөөрөмжийг ашиглана гэсэн шийдвэрийг гаргасан. 

Харин энэхүү хууль тогтоомж батлагдсаны дараа СЕХ-ноос дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тус орон нутгийн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталсан. Хуваарийг бүх сонгуулийн хороодууд мөрдөн ажиллаж байгаа. Түүнчлэн наймдугаар сарын 06-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороод байгуулагдсан бол наймдугаар сарын 16-наас өмнө сум, дүүргүүдийн сонгуулийн хороо байгуулагдсан. 

Харин хэсгийн хороод нь наймдугаар сарын 31-нээс өмнө байгуулагдан ажиллаж эхэлж байна. Нийтдээ аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сумын 330 сонгуулийн хороо , дүүргийн есөн сонгуулийн хороо, хэсгийн 2,148 хороо тус тус ажиллаж байна. Сонгуулийн хороодод  нийт 18,534 хүн ажиллаж байна. Мөн аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дэргэд мэдээлэл технологийн баг ажиллаж эхэлсэн. Тус баг нь санал тоолох төхөөрөмжөө ажиллуулдаг, зөвлөгөө тусламж үзүүлдэг бөгөөд 141 хүний бүрэлдэхүүнтэй.

Түүнчлэн 2,848 хэсэг дээр мэдээлэл технологийн даамал буюу санал тоолох төхөөрөмжөө ажиллуулдаг 2,559 хүн ажилладаг. Нийтдээ сонгууль зохион байгуулахаар 21,234 хүн ажиллаж байна. Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-нээс энэ сарын 06-ны хооронд явагдаж дууссан. Нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 20-н хүртэл явагдаад мөн дууссан юм. Харин бүртгэгдсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах ажил энэ сарын 30-нд явагдана. 

Харин мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7,353 буюу нийт улсын хэмжээнд 8,169 суудлын 17,161 хүн өрсөлдөх гэж байна. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1,901, сумын ИТХ-ын 7,062 мандатын төлөө найман намаас 14,388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөх тоо гарч байна" гэв. 

Мөн түүнчлэн орон нутгийн сонгуультай холбоотой мэдээллийг өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн нэг өдөр өгч байхыг тус хорооноос мэдээлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)