Орон нутгийн сонгуулийн үеэр илэрсэн ноцтой зөрчлүүдийн талаар мэдээлэв

2016 оны орон нутгийн сонгуулийн санал тоолох автомат “хар машин”-аас луйврын шинжтэй байж болох ноцтой зөрчил цөөнгүй тойрогт илэрсэн талаар АН-аас мэдээлэв. Тодруулбал, зарим дүүрэг, сумдын сонгуульд ашиглагдсан хар машины архивыг машинаас CD-нд шууд хуулбарлан авахад 2016 оны УИХ-ын сонгуульд өөр аймаг, суманд ашиглагдсан саналын хуудсууд хэдэн зуугаараа гарч ирсэн бөгөөд дийлэнхи нь МАН-ын нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөсөн байдалтай байсан. Мөн энэ талаар СЕХ-оос хар машинаа форматлаж амжаагүй гэж мэдэгдсэн аж.

Тэдгээр саналын хуудсууд нь тухайн орон нутгийн сонгуулийн хүчинтэй хуудсуудтай холилдсон дараалалтай байсан тул хар машин саналыг нь тоолж хүчинтэйд тооцсон байх магадлалтай бөгөөд “цаасан царцаа” гэх луйврын технологи байж болох тухай зарим эх сурвалж тайлбарлажээ.

Эдгээр зөрчил нь хар машин болон хүний хүчин зүйлийн алдаа юу, эсвэл улс төрийн нам хүчний зүгээс санаатай зохион байгуулсан санал луйвардах арга уу гэдгийг тогтоох нь зайлшгүй чухал болж байна. Иймд УИХ-ын гишүүн Л.Болд уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж орон нутгийн сонгуулийн үр дүнг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх санал, шаардлага тавьж байгаа юм.

Нийслэлийн Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргүүдэд илэрсэн зарим зөрчилтэй холбоотой баримтыг дор хавсаргав. Баян-Өлгий аймгаас мөн үүнтэй адил зөрчил гарсан тухай мэдээлэл ирээд байна.

Баримт 1.

Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 1958-р хэсгийн санал авах байрны санал тоолох хоёр машины дүн мэдээг 2016 оны 10-р сарын 19-ний орой 22.07 цагт ажиглагч нарт өгсөн билл, CD-г шалгах явцад нийт уншигдсан хүчинтэй саналын хуудасны тоо 455 байх ёстой атал 793 саналын хуудас гарсан байна. Үүний 338 нь УИХ-ын сонгуулийн 38-р тойргийн 14-р хэсэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум гэсэн 2 янзын саналын хуудас байв. 

Баримт 2.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр СХД-ийн 9-р хорооны санал авах 1885-р хэсэг дээр ажилласан санал тоолох машинаас сонгуулийн саналын хуудсыг CD-нд хуулж авсан. Гэтэл хар машинаас хуулагдсан 1419 саналын хуудасны 1114 нь тус тойргийн саналын хуудас байсан бол 305 нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн 24-р тойргийн 40 дүгээр хэсэг буюу Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын саналын хуудас байлаа.

Баримт 3.

Мөн Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр СХД-ийн 17-р хорооны 17-р тойрогт CD уншигч ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар автомат машинд тоологдсон саналыг хуулж өгөөгүй. Үүний ард хэчнээн сонгогчийн саналыг луйвардсан байж болох вэ!!!

Баримт 4.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн СХД-ийн санал авах 1903-р хэсэгт 2016 оны 10-р сарын 23-нд болсон нэмэлт санал хураалтын дараа автомат машинд тоологдсон саналын хуудсыг CD-нд хуулж авахад Монгол Улсын Их хурлын сонгуулийн 37-р тойргийн 20-р хэсэг буюу Хөвсгөл аймгийн Ринчэнлхүмбэ сумын санал өгсөн хуудас бүхий 318 санал уншсан файл давхардан бичигдэн гарч ирсэн.

Баримт 5.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр СХД-ийн 1903-р санал авах хэсэгт 2016 оны 10-р сарын 23-нд болсон нэмэлт санал хураалтад 914 хүний санал уншсан билл хэвлэж өгсөн байтал CD дээр 915 хүний саналын хуудас гарч ирсэн. Сонгуульд нэг сонгогчийн саналын зөрүүгээр ч шууд ялалт байгуулсанд тооцогддог байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)