Орон нутгийн сонгуулиас ондоо дүн хүлээх хэрэг байна уу

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид нэр дэвшигчдийнхээ баримт, бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх сүүлийн өдөр нь өнөөдөр. Үүнээс хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх, эсэхийг шийдэж, энэ сарын 30-нд үнэмлэхийг нь олгож, нэрсийг нийтэд мэдээлнэ.

Монгол Улсын нийслэл, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумд нийт 8089 төлөөлөгчийн мандат ИТХ-д бий. Нэг аймагт багадаа гурван нам оролцоно гэж тооцвол 20 гаруй мянган нэр дэвшигч өрсөлдөхөөр буй. Гэхдээ нийслэл, аймагт өрсөлдөх намууд харилцан адилгүй байгаа. Улаанбаатарт МАН, АН, ИЗНН, МАХН, ХҮН, ШИНЭН, Ардчилал, шинэчлэлийн нам, МНН, Зүй ёс нам, МҮАН, МУНН, “Сахихтун! Үндсэн хуулийн 19” эвсэл гээд арав гаруй хүчин өрсөлдөнө.

Ерөнхийдөө аймгуудын ИТХ-ын энэ удаагийн сонгуульд 2-4 нам оролцохоор буй бөгөөд Завханд гэхэд ердөө хоёр хүчин хүмүүсээ нэр дэвшүүсэн байна. Ер нь орон нутгийн дараа дараагийн сонгуульд оролцох намын тоо цаашид нэмэгдэх нь юу л бол. Энэ онд шинэчлэн баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуульд тухайн орон нутагтаа салбар, хороотой нам л нэр дэвшүүлэх эрхтэй байхаар тусгасан. Уг заалтыг биелүүлэхийн тулд ХҮН Дархан-Уул аймагт салбар, хороогоо байгуулсан нь саяхан.

Хэдийгээр хуульчлан батлаагүй ч орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн эрхийг хязгаарласан заалт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бий. Тодруулбал, сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй байхаар тусгаад буй. Эл төслийг өнгөрсөн сард УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн ч хараахан батлаагүй. Ирэх намрын чуулганаар батлах нь тодорхой. Ингэхдээ парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ынхан анх санаачлан боловсруулсан дээрх заалтыг хасалгүй баталчих биз. Өдгөө есөн дүүрэг, 330 сумын ИТХ-д нийт 7299 төлөөлөгч сонгогдоод буй.

Өнгөрсөн хугацаанд сонгогдсон төлөөлөгчдийн дөнгөж нэг хувь нь бие даан нэр дэвшсэн хүмүүс байсныг 2019 онд танилцуулсан судалгаанд дурджээ. Үнэхээр ч орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагаанд намын оролцоо их болсон. Илт улс төрийн шалтгаанаар ИТХ-ын дарга, Засаг даргаа огцруулах гэж л хуралдах нь нийтлэг болж, төсвөө ч хуваарилж, баталж чадахгүйд хүрдэг нь нууц биш. Улмаар орон нутгийн өмнө тулгамддаг, чухамдаа ИТХ-ын төлөөлөгчдийн хэлэлцэн шийдвэрлэх учиртай асуудлууд ужгирч, ард түмнийг чирэгдүүлэх нь энүүхэнд болсон. Иймд ИТХ-ын төлөөлөгчдийг Иргэдийн нийтийн хурал болон тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, оршин суугчдаас нь нэр дэвшүүлэн сонгох нь зүйтэйг судлаачид хэлж ирсэн билээ. Орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлж, иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй ИТХ-ыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах гэсэн эл оролдлого хуульд хэрхэн тусгалаа олж, түүнийг нь яаж биелүүлэхийг ирэх өдрүүд харуулна. Ямар байлаа ч орон нутгийн сонгуульд оролцоно гэдэг “жижиг”, шинэ намуудын хувьд улам бүр амаргүй болох шинжтэй. Үндсэндээ өнөөх л АН, МАН, цаашлаад сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр багцаалбал, өнөөгийн эрх баригчдаас өөр сонголтгүй болох вий гэж бодогдоно.

Ингэж хэлэх өөр шалтгаан бас бий. Тэр нь сонгуулийн тогтолцоо. Сая УИХ-ын сонгуулийг явуулсан тогтолцоо буюу мажоритар хувилбар хоёр “том” нам төрүүлж, тэднийг тогтвортой дэмждэгийг сүүлийн 30 жилийн турш бид харлаа, баталлаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн АН, МАН-ыг мажоритар тогтолцоо бойжуулж, өдий зэрэгт хүргэсэн. 2012 оны сонгуулийг мажоритар хувилбар давамгайлсан холимог хэлбэрээр явуулж, пропорциональ тогтолцооны “үнэр” оруулсныг эс тооцвол бүгдийг нь ийм л янзаар зохион байгуулж, энэ хоёр нам ээлжлэн эрх барьж байна. АН-аас МАН, МАН-аас АН-д төрийн эрхийг шилжүүлсэн ч тэд өөрсдийг нь сонгохоос өөр аргагүй болгодог мажоритар тогтолцоог үгсэн өвлүүлж, бөөцийлөн өсгөсөн. Орон нутгийн сонгууль ч ялгаагүй, яг л ийм тогтолцоо, үр дүн дагуулсан юм. Түүх сөхвөл, 1992 онд Үндсэн хууль баталсны дараа орон нутгийн анхны сонгуулийг шууд бусаар буюу төлөөллийн сум, дүүргийн ИТХ-аас аймаг, нийслэлийнхийг сонгох зарчмаар явуулсан байдаг. Үүний дараагийн сонгуулийг тусгайлсан хуулиар явуулж, ингэхдээ мажоритар болон пропорциональ (хувь тэнцүүлсэн) хувилбарыг хослуулан хэрэглэсэн. Энэ удаагийнхыг оролцуулбал сүүлийн зургаан удаагийн сонгуулиас 2012 оныхыг эс тооцвол бүгд иргэдээс шууд сонгогдох, аанай л нөгөө мажоритар тогтолцоо ноёлжээ.

Өнгөрсөн зургадугаар сард эргэн тойрныхон тань арай өөр сонголт хийсэн ч өнөөх нам, хүн нь хаана ч үгүй, сураггүй байсанд гайхаж, “хар машин”-ыг хүртэл хардаж суусан цаг давтагдахгүй гэсэн баталгаа үгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчоос 50 ч хүрэхгүй хувийн дэмжлэг авчихаад 76 суудлын 80 гаруй хувьд тухалсан намын талд тогтолцоо байсан хэвээр. Тухайлбал, парламентад суудалтай болоод буй ХҮН нийслэлийн ИТХ-ын сонгуульд 26 хүн нэр дэвшүүлсэн байна. 23 тойргоос 45 төлөөлөгч сонгох эл “уралдаан”-д тэд алслагдсан гурван дүүрэг болох Налайх, Багануур, Багахангайгаас бусдад нь нэр дэвшигчдээ сойжээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нийслэлд нэр дэвшсэн П.Наранбаяр, Г.Уянгахишиг, Д.Гантулга, Б.Мөнхсоёл, Б.Найдалаа, Ж.Золжаргал, Д.Үүрцайх, Д.Түмэн-Өлзий нар өмнө нь өрсөлдсөн дүүрэгтээ хүч үзэх нь. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хийж нэлээд танигдсан, бэлтгэл, “бие халаалт” сайн байгаа гэж тайвшрах болоогүй ээ гэсэн үг. Мөн цар тахлаар далимдуулан эрх баригчид давуу талаа ашиглан сонгуулийн сурталчилгаагаа хэдийн эхлүүлсэн. Танай гудамжинд зохион байгуулж буй “Соёлын цаг” сонгуулийн сурталчилгаа юм шүү дээ, угтаа.

Харин хоёр намын тогтолцоо яагаад хоёр ч сонгууль дамжин нэг хүчнийх болчихов гэдэгт АН-ынхан хэр дүгнэлт хийсэн нь ирэх сард болох сонгуулиас тодхон харагдана. МАН сайндаа биш, АН-ын мууд дөрөөлөн ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрч, 2016 оны ялагдлын дараах шинэчлэлээс авхуулаад кампанит ажил нь хэр үр дүнтэй байв, өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчний үүргээ хэр гүйцэтгэв гэхчлэн энэ нам, С.Эрдэнэ дарга, түүний багийн талаар ирэх аравдугаар сард болох сонгууль хүртэл хэр бодитой дүгнэлт хийж, мэдрэмжтэй ажиллах нь ялах, эсэхэд нөлөөтэй. УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвших эрх олж авч чадаагүй зарим нь бие дааж, эсвэл өөр нам, эвслийн нэрийн өмнөөс өрсөлдсөн нь АН-ын онооноос багагүй хумслах шиг болсон. Тиймээс ч АН ШИНЭН, бүр МАХН-тай эвсэж оролцохоор болов. Энэ нь чухам ямар үр дүн дагуулах бол. Нэг намд байхдаа гар нийлж чадаагүй хүмүүс туурга тусгаарласан хойноо эвтэй байх уу гэдэг эргэлзээтэй. 45 нэр дэвшигчийн 22-ыг АН-аас сойно. АН нэр дэвшигчдээ тодруулсан бол МАХН, ШИНЭН-ынхан өөрт ногдсон квотдоо хүмүүсээ хуваарилан зоох гэж нэлээд бужигнаж байгаа бололтой. Юутай ч МАН-тай өрсөлдөх АН тэргүүтний албан бус эвслээс нийслэлд нэр дэвшигчид хэн болох нь өнөөдөр тодорно. Энэ нэгдэл хэр удаан үргэлжлэх, ялалт, ялагдлын алийг нь зөгнөж буй бол. Ташрамд дурдахад, орон нутгийн сонгуулийг ирцийн босгогүй болгосны зэрэгцээ санал хураалтыг өмнөх шиг 22.00 бус, 20.00 цагт хаахаар хуульчилсан нь аль хүчинд ашигтай байх бол. Өөрөөр хэлбэл, санал өгсөн иргэдийнхээ ирцээр сонгуулийг хүчинтэйд тооцно гэсэн үг. Орон нутгийн сонгуулиас ондоо үр дүн хүлээгээд хэрэг байна уу, ер нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)