Орон нутгийн замд хурд хэмжигч байрлуулна

Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төв хамтран Цагаан сарын баяртай холбоотойгоор иргэдэд мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэв.

Баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид гарч болзошгүй зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Мөн ХСИС-ийн сонсогчдыг дайчлахаар болжээ.

ГССҮТ-ийн эмч Г.Буян-Арвижих “2016 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 100.000 гаруй осол, гэмтлийн 16 хувь нь зам, тээврийнх байсан. Жилд 17.000 хүн зам, тээврийн осолд өртөж, өдөрт 50 орчим хүн зам, тээврийн ослын улмаас гэмтдэг гэсэн үг. Осолдсон хүний эмчилгээнд багадаа 400.000, цаашлаад 5-10 сая төгрөг шаардагддаг. Тиймээс хүмүүсийг дор бүрнээ хянамгай байхыг анхааруулъя” гэв.

Харин нийслэлийн ОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар ердийн галлагаатай пийшин, зуухны аюулгүй байдлыг хангаж, эвдрэл гэмтэлгүй, зориулалтын цахилгааны утас хэрэглэхийг зөвлөлөө. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн их эмч Л.Бямбацогт “Баярын өдрүүд архи, хоолны хордлогонд орсон, хоорондоо зодолдож, бэртсэн хүмүүс олширдог” гэж ярилаа.

Өнгөрсөн жилийн Цагаан сарын өдрүүдэд орон нутгийн замд гарсан ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ. Тиймээс өнөө жил ачаалал ихтэй замд хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж, хурд хэмжигч байрлуулах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)