Орон нутгийн банкуудын актив 263.1 тэрбум төгрөгөөр өсчээ

Орон нутаг дахь банкуудын нийт актив өнгөрсөн оны эцэст гурван их наяд 28 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар буюу 263.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Орон нутгийн банкуудынх уг салбарын нийт активын 12 хувийг бүрдүүлж байгаа аж. Хүн амын суурьшил, орлого болон үйлдвэрлэл эрхлэлтээс хамаарч аймгууд дахь банкны актив харилцан адилгүй байдаг гэнэ.

Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг дахь активын хэмжээ хамгийн их бол Дундговь, Говьсүмбэрт хамгийн бага аж. Орон нутаг дахь банкуудын нийт активын 42.1 хувийг Орхон, Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Увс аймгийнхан бүрдүүлсэн байна. Хөдөөгийн банкны салбарын зээлийн үлдэгдэл хоёр их наяд 750.4 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс долоо хувь буюу 180.5 тэрбумаар төгрөгөөр өссөн үзүүлэлт.

Энэ нь нийт банкны салбарын зээлийн үлдэгдлийн 23.2 хувьтай дүйж буй юм. Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Увс, Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн зээл нийт зээлийн үлдэгдлийн 55.7 хувийг бүрдүүлжээ. Орон нутгийн нийт зээлийн 60 хувь нь цалин, тэтгэвэр, хэрэглээнийх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)