“Орон нутгийн авто замыг хаахаас өөр аргагүй”

Коронавирусээр халдварласан байж болзошгүй дөрвөн хүнийг өнгөрсөн сарын 15-нд тусгаарласан бөгөөд шинжилгээний хариу нь сөрөг гарсныг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр уламжлав. Одоогоор тус төвд сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлан, шинжилж буй аж. Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч анхаарлаа хэрхэвч сулруулж болохгүйг тэрбээр зөвлөхдөө “Иргэн бүр амны хаалт зүүснээр өөрийгөө болон гэр бүлээ, цаашлаад улсаа хамгаална. Түүнчлэн хувийн болон ахуйн ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, гэртээ, албан тасалгаандаа байнга агаар оруулах хэрэгтэй” гэв. Өнгөрсөн бямба гарагт Замын- Үүд боомтод тусгаарласан 104 хүнийг гурван зочид буудалд байрлуулсан бөгөөд тандалт, судалгааг үргэлжлүүлж буйгаа ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн. Салбарын яамныхан халдвар гарсан цагаас эхлэн ард иргэдэд зөвлөгөө, мэдээлэл тасралтгүй хүргэж буй ч зарим нь урьдчилан сэргийлэх зааврыг төдийлөн мөрдөхгүй байгаа гэнэ. Тодруулбал, тусгаарласан дээрх иргэдийн дунд өвчлөл гарсан бүс нутгуудаар аялсан, далайн гаралтай бүтээгдэхүүний захаар хэссэн, түүхий загас хүртэл идсэн хүн бий аж. Энэ сарын 15-наас хойш эх орондоо ирсэн хүмүүс зардлаа өөрөө хариуцах журамтай ч тусгаарласан хүмүүсийн дунд очих газаргүй, санхүүгийн чадваргүй хүн цөөнгүй байгааг албаныхан хэлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийн үйл ажиллагааг эрчимжүүлж, 2045 техник хэрэгсэл дайчлан, 462 төлөвлөгөөг шинэчлэн, хэрэгжүүлэхэд бэлэн болгосноо ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал мэдэгдлээ. Тэрбээр “Улсын сайн малчдын шагналыг хотонд нь очиж гардуулдаг уламжлалыг энэ удаад тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Цагаан сараар орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хаахаас өөр аргагүй. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч шийднэ. Шаардлагатай тохиолдолд бүрэн хааж ч магадгүй. Түүнчлэн 21 аймаг, Улаанбаатар хот дахь шашны байгууллагуудад олон нийтийг хамарсан хурал, цуглаан зохион байгуулахгүй байх мэдэгдэл хүргүүлсэн” гэж ярилаа.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд хэрхэн арга хэмжээ авч буйгаа Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулав. Коронавирусийн халдвар гарсан тохиолдолд шуурхай ажиллах багийг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Түргэн тусламжийн төвд байгуулжээ. Үүнд зориулж дүүргүүдийг тус бүр хоёр автомашин, эмч, ажилчдын хамгаалах хэрэгсэл, эм, тариагаар хангасан байна. Эмнэлгүүд халдвар тараах хамгийн эрсдэлтэй бүс байдаг учраас насанд хүрэгсдийг онцын шаардлагагүй бол эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, аль болох утсаар зөвлөгөө авч, гэрээр эмчлүүлэхийг Л.Төмөрбаатар дарга хэлэв. Мөн өрх, сумын эмнэлгүүдийн үзлэгийн 60-аас доошгүй хувийг гэрээр зохион байгуулах үүрэг өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)