Орон нутаг дахь услалтын системүүд тун хангалтгүй ажиллаж байгааг илчлэв

“Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” нэртэй хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд хоёр өдөр болж өндөрлөлөө. Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах энэ үеэр тус салбарт мөрдөгдөж буй хуулиудыг өөр өөр газраас өргөн мэдүүлсээр ирсэн нь дэндүү явцуу, хоорондоо зөрчилтэй байгаа тул нэн түрүүнд Усны тухай болон Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудыг нэгтгэсэн төслийг УИХ-д хүргүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Дээрх хуулиудыг нэгтгэснээр усны салбарын удирдлагын нэгдсэн нэг бүтцийг бий болгохоос гадна санхүүгийн эх үүсвэр ч тогтвортой болох юм байна. Бас манайд услалтын системийн барилга байгууламжуудын ашиглалт, хамгаалалтын асуудал тун хангалтгүй байгааг “Монгол Ус” ТӨҮГ-ын захирал Ц.Сосорбарамын тавьсан илтгэлээс харж болно.  Тухайлбал, Увс аймгийн Давст сумын “Торхилог”, “Килэнцэг”, Өлгий сумын “Сондуульт”, Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Шаргуу”, Баяннуурын “Улаан цул”, Сэлэнгийн Ерөө дэх Хонгорын нурууны, Сант сумын Цагаан толгойн болон Ховд, Хөвсгөлийн услалтын системийн барилга байгууламжууд дөнгөж 10-40 хувийн ашиглалттай байдаг аж.

Түүнчлэн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хүрээнд усны нөөц ашигласны төлбөрт авдаг 55 хувь хүртэлх хэмжээний мөнгөн дүнгээс ус, усан орчны зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээхэд зарцуулдаг тусгай сан байгуулах санал дэвшүүлж хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжид тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)