Орлого, зарлагаа өсгөсөн тодотгол

Засгийн газар Олон улсын валютын сангийнхны эхний даалгаврыг биелүүлэхээр төсвийн тодотголоо УИХ-д өргөн барилаа. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвөө тодотго гэсэн гэрийн даалгаврыг тэд манайханд өгсөн. Төсвөө тодотгосны дараа ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх, эсэх эцсийн шийдвэрээ гаргана.

Эрх баригч намынхан хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй, хэрэггүй гэж далдуур маргалдаж буй талаарх мэдээлэл чих дэлссэн. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана” гэж мэдэгдлээ. Тэгэхээр эрх баригчид нэгдсэн шийдвэрт хүрсэн гэсэн үг. 

ОУВС-гийнхны зөвлөсний дагуу нэг татвар шинээр бий болгож, нэлээд хэдийнх нь хувь хэмжээг өсгөхөөр төсвөө тодотгож буй. Ингэхээр төсвийн орлого нэмэгдэх нь дамжиггүй. Харин төсвийн алдагдлыг багасгахын тулд зардлыг нь танана гэсэн хүлээлттэй байв. Гэвч тэгсэнгүй. Төсвийн орлогыг ч, зарлагыг ч өсгөж, тодотгох төсөл боловсруулжээ.

Сангийн яамныхан төсвийн орлого 6.01 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлсөн байна. Энэ нь анх баталсан хэмжээнээс 101.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй үзүүлэлт. Татвар, хураамж нэмэгдэх учраас орлого өсөх нь мэдээжийн хэрэг. Татварын орлого 65.8 тэрбум төгрөгөөр өснө гэсэн тооцоо танилцуулжээ. Хадгаламжийн хүүгийн орлогоос ирэх сарын 1-нээс татвар авна. Мөн суудлын автомашины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг ирэх сарын 1-нээс нэмнэ.

Шатахуун, дизелийн түлшний онцгой албан татварыг долоо, аравдугаар сард өсгөнө. Эрдэс, түүхий эдийн үнэ өсөж буйгаас улбаалж, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлого 200.4, Ирээдүйн өв сангийнх 45.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх гэнэ. Харин татварын бус орлого 966.2 тэрбум болж, 200 орчим тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй аж.

Төсвийн тогтворжуулалтын сангийн хуулийг өөрчилж, хуримтлалыг зарцуулахаар болсон нь энэ удаагийн тодотголын анхаарал татсан шийдэл юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бүх нөөц боломжоо дайчилж байна гэсэн үг. Ирээдүйн өв сангийн орлогыг Засгийн газар 2021 он хүртэл ашиглах эрхтэй. Эндээс татварын бус орлого багассаныг хоёр сангийн орлогын өсөлтөөр нөхөж буй дүр зураг харагдаж байна.

Төсвийн зарлага хэрхэн нэмэгдсэн бэ? Тодотголын төслөөр төсвийн зарлага, цэвэр зээлийн дүн 8.78 их наяд төгрөг болж, 220.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Зарлага нэмэгдэхэд хөрөнгийн зардал 109.5, бараа, үйлчилгээнийх 49.1, татаас шилжүүлгийнх 7.8, эргэж төлөгдөх цэвэр зээл 189.6 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Харин зээлийн хүүгийн зардал 135.2 тэрбум төгрөгөөр буурсан нь төсвийн зарлага их хэмжээгээр нэмэгдэхээс “аварчээ”.

Засгийн газар энэ жил зээлийн хүүгийн төлбөрт 1.34 их наяд төгрөг төлнө. Өндөр хүүтэй, их хэмжээний зээл авсан нь төсөвт ихээхэн дарамт учруулж байгаа. Төсвийн нийт зарлагын 15 хувийг зээлийн хүүгийн төлбөр эзэлж буй нь санаа зовоох хамгийн том бэрхшээл мөн. Эдийн засгийн нөхцөл муудсан учраас зээлийн хүүгийн зардлаа бууруулах бодлого амжилт олохгүй л байна. Улсын төсвийн зардлыг цалин, тэтгэвэр, тэтгэмжээ танаж байж бууруулах боломжгүй.

Нийгмийн хавтгайрсан халамж, хөрөнгө оруулалт, татаас шилжүүлгээ танаж байж төсвийн алдагдлыг багасгах учиртай. Энэ удаагийн төсвийн тодотголоор нийгмийн халамж, хөрөнгө оруулалт, татаас шилжүүлгээ бууруулах алхам хийсэнгүй. Тиймээс л төсвийн зардал өссөн хэрэг. Нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. Үүнийг бууруулж, 40 хувьд нь мөнгө олгох өөрчлөлт хийх гэж байна.

Гэвч хэмнэсэн мөнгөө ядуу өрхийн хүүхдэд хүнсний талон олгоход зарцуулна. Тэгэхээр төсвийн зардлыг бууруулахгүй гэсэн үг. Танах боломжтой зардлаа хасах нь бүү хэл, харин ч нэмсэн тохиолдол ажиглагдаж байна. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 975.2 тэрбумд хүргэн, өмнө нь баталсан хэмжээнээс 26.5 тэрбум төгрөгөөр өсгөсөн байх жишээтэй. 

Ингэснээр төсвийн алдагдал 2.77 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьтай тэнцэж байна. Өмнө нь 9.1 хувьтай дүйж байсан юм. Төсвийн нийт орлого 2016 онд нийт 5.85 их наяд төгрөг болжээ. Төсвийг алдагдалгүй батална гэвэл ийм л хэмжээний зарлага гаргахаар төлөвлөх хэрэгтэй. Бүх хөрөнгө оруулалтаа “царцааж”, хавтгайрсан халамжаа зогсоож байж л алдагдалгүй төсөв батлах боломжтой.

Ийм шийдвэр гаргах улс төрийн сонирхол эрх баригчдад байхгүй. Тиймээс төсвийн хямрал ойрын жилүүдэд үргэлжилсээр, алдагдал төдийлөн буурахгүй “явсаар” байх нь. Төсвийн тодотголтой хамтатган 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг шинэчлэхээр УИХ-д өргөн барьсан. Төсвийн орлого 2018 онд 6.8, зарлага 9.45, алдагдал нь 2.64 их наяд төгрөг болно гэж Засгийн газар төсөөлжээ. Мөн 2019 онд төсвийн орлого 7.8, зарлага 9.97, алдагдал нь 2.1 их наяд төгрөг болно гэж таамаглаад байна.

Гурван жилийн дараа гэхэд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 6.9 хувьтай тэнцэх юм байна. Түүнчлэн Засгийн газрын өрийн хэмжээ 2019 онд 23.5 их наяд төгрөгт хүрч, өснө гэж тэд үзжээ. УИХ 2017 оны төсвийг батлахдаа Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, “Оргил” рашаан сувилал зэрэг долоон аж ахуйн нэгжийг хувьчилж, 177 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тусгасан. Тэгвэл төсвийн тухай хуулиас хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хасаж, тодотгох төсөл Сангийн яамныхан бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл, төр өмчөө хувьчлахаа больсон хэрэг. ОУВС-гийнхны зөвлөгөөг дагасан төсвийн тодотголын тойм зураг ийм буюу. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)