Орлого багатай иргэдийг “ОВОО ХАРААЛДАГ” инфляц

Өнөөдөр 60 000 төгрөгөөр үхрийн дөрвөн кг орчим цул мах, мөн дөрвөн кг гурил л авч чадна. Тэгвэл таван жилийн өмнө ийм мөнгөөр нэг төлөг, эсвэл 25 кг-тай уут гурил, будаа авч хүрдэг байв. Гэтэл 60 000 төгрөг нь дундаж цалинтай хүний сарын цалингийн 10, тэтгэвэр, тэтгэмжийнхний сарын орлогын 15-20 хувь хэвээр л байна. Учир нь нийт иргэдийн авч буй цалин, тэтгэврийн хэмжээ таван жилийн өмнөх дүнгээс төдийлөн өсөөгүй гэх хүн бий. Өдгөөгийн статистик мэдээнд дундаж цалин нэг сая төгрөгөөс давсан гэх боловч орлого өндөр бүлгийнхний цалинг бага орлоготой хэсгийнх дээр нэмж, нийгмийн даатгалын төлөлтийг үндэслэн гаргасан “хийсвэр” дүн гэж харах хүн ч цөөнгүй. Тиймээс үнийн өсөлтийг иргэдийн авч буй цалин, тэтгэвэр, орлогын хэмжээ яаж ч элдээд гүйцэхгүй байгаа хэрэг.

Тухайлбал, шатахуун литр тутамдаа 30-50 төгрөгөөр өсөхөд таксины нэг км-ийн үнэ багадаа 100 төгрөгөөр нэмэгдэхээс гадна бүх бараа, үйлчилгээний үнэ “хаданд авирчихдаг”. Үйлчилгээний байгууллага, үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн дураар өртөг зардлаа тогтоодог байдлаа цахилгаан, шатахуун, дулаан зэрэг суурь үнийн нэмэгдэлтэй холбон тайлбарладаг. Үнийн өсөлтөд олон хүчин зүйл нөлөөтэй. Тэдгээрээс юуны түрүүнд шатахууныг нэрлэж болно. Бүх төрлийн шатахууны үнэ сүүлийн найман жилд 24 удаа өсөж, есөн удаа буурчээ. 

Нэг удаа өсөхдөө 5-170 төгрөг, багасахдаа 20-60-аар л буурч байсан аж. Гэтэл тухай бүрт нь мах, гурил, элсэн чихэр, хүнсний ногоо, ахуйн хэрэглээний барааны үнийг кг болон ширхэг тутамд нь 100-гаас дээш төгрөгөөр нэмдэг. Мөн жижиг дэлгүүрүүд барааныхаа үнийг бараг санаан зоргоор тогтоодог. Миний мэдэх нэгэн дэлгүүрт борлуулж буй өндөг, ургамлын тос, хиам, жимсний үнэ энэ он гарсаар 3-4 удаа өссөн юм даг. Төдийлөн анзаарагдамгүй, 20-40 төгрөгийн нэмэгдэл боловч зургаан сарын дотор 100-300 төгрөгөөр өсчихөөд буй хэрэг.

Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн нэгдүгээр улирлын судалгаанд инфляц 2018 оны энэ үеийнхээс нийслэлд 7.8, орон нутагт долоон хувиар өссөн гэжээ. Зүй нь 10 000 төгрөгийн үнэтэй бараа жилийн дотор 10 870, 2000 төгрөгийнх нь 2100-2200 төгрөг болох учиртай. Гэсэн ч үнийн өсөлт инфляцын хувиас тогтмол өндөр байдаг. Бүтээгдэхүүндээ тогтоож буй үйлдвэрлэгч, борлуулагчдын үнэд хэн ч нөлөөлж чадахгүй, нөлөөлөх боломжгүй талаар мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлстийн захирал Н.Ургамалсувд “Одоогоор улсын хэмжээнд инфляц зорилтот найман хувийн түвшнээс хэтрээгүй байна. 

...Үнийн өсөлтөд олон хүчин зүйл нөлөөтэй. Тэдгээрээс юуны түрүүнд шатахууныг нэрлэж болно. Бүх төрлийн шатахууны үнэ сүүлийн найман жилд 24 удаа өсөж, есөн удаа буурчээ. Нэг удаа өсөхдөө 5-170 төгрөг, багасахдаа 20-60-аар л буурч байсан аж. Гэтэл тухай бүрт нь мах, гурил, элсэн чихэр, хүнсний ногоо, ахуйн хэрэглээний барааны үнийг кг болон ширхэг тутамд нь 100-гаас дээш төгрөгөөр нэмдэг...

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтөд мах, түлш, ундаа, усны үнийн нэмэгдэл түлхүү нөлөөлсөн. Махны үнэ өсөхөд эрэлт их, нийлүүлэлт бага, тээврийн зардал өндөр байгаа нь нөлөөлж буй бол шатахууны үнэ импортоос хамаардаг. Үүнийг импортын гаралтай инфляц гэж нэрлэдэг. Ер нь манай улсад нийт инфляцын 2-3 нэгжийг импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлдэг. Харин импортын гаралтай инфляцын өсөлтөд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ нөлөөлдөг. Тэгэхээр дотооддоо тогтоон барих боломжгүй гэсэн үг. Үнэ тогтворжуулах, хатуу хяналт тогтоох оролдлого нь богино хугацаанд үр дүнтэй мэт боловч урт хугацаанд сөргөөр нөлөөлж, зарцуулсан хөрөнгийг дэмий үрэхэд хүргэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй” хэмээн ярив. 

Үүнээс гадна тухайлбал, төрийн зүгээс мах, гурил, хүнсний ногоо зэргийн бэлтгэл, хадгалалт, борлуулалтад хяналт тавьж, нөөцийг нь хангалттай байлгахад анхаарах боломжтой гэдэгтэй санал нийлж байв. Инфляц тогтмол өсөж буй үед иргэд хэрхвэл үнийн дарамтад өртөхгүй байх талаар “Хувь хүн, айл өрх бизнесийн бус зорилгоор өр зээл тавих нь амьжиргааг доройтуулж, өрийн дарамтад оруулж, наад захын хэрэглээгээ хангаж чадахгүйд хүргэдэг. Мөн орлогоосоо давсан зарлага, мөнгийг тооцоогүй захиран зарцуулах нь ч сөрөг нөлөөтэй. Харин тогтмол ажил, орлоготой байх, ур чадвараа өсгөх, тэр хэрээр өөрийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах нь эерэг үр дүнд хүргэнэ. Учир нь хүн амын дундаж болон дунджаас дээгүүр орлоготой хэсэг үнийн дарамтад төдийлөн өртөхгүй, зах зээл дэх худалдан авалтын 80 орчим хувийг бүрдүүлсээр буй судалгаа бий” гэсэн юм.

Үүнээс үндэслэн хүн амын амьжиргааны түвшин худалдан авалтад хэрхэн нөлөөлдөг талаар сонирхлоо. Үндэсний статистикийн хорооныхон түүвэр судалгааны арга ашиглан нийт өрхийн орлого, зарлагыг тооцдог аж. Орлогоор нь ядуу, ядуувтар, дундаж, дунджаас дээгүүр, чинээлэг гэж ангилна. Ядуу өрхийн сарын орлого 300 000-400 000 төгрөг бол чинээлэг өрхийнх хоёр сая төгрөгөөс давжээ. Түүнчлэн тэдгээр өрх зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнийг хэрхэн хуваан авч буй талаарх товч дүнг нэгтгэдэг юм байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хүн амын хэрэглээний бүтцэд ядуу бүлэг найм, ядуувтар нь 12.7, дундаж нь 17, дунджаас дээгүүр нь 23.1 хувийг эзэлж буй бол чинээлэг бүлгийнхэн 40 орчим хувийг эзэлжээ. 

Энэ нь зах зээл дэх 100 кг махны найман кг-ыг нь ядуу өрх худалдан авч, 32 кг нь чинээлэг амьжиргаатай айлд ногдоно гэсэн үг. Эл дүнд инфляцын өсөлт хэрхэн нөлөөлдөг талаар Үндэсний статистикийн хорооны статистикч Ю.Батзоригт “Үнийн өсөлт бага орлоготой өрхөд хүндээр тусах нь дамжиггүй. Дундаж, дунджаас доогуур амьжиргааны түвшинтэй буюу нийт өрхийн 60 хүртэлх хувийг эзлэгч айлуудын хэрэглээ үнийн өсөлтөд танагдсаар байна. 2-3 жилийн өмнө ядуу өрх зах зээл дэх бүтээгдэхүүний 10-аас илүү хувийг худалдан авах чадвартай байсан бол энэ оны нэгдүгээр улиралд найм болж буурчээ. 

Чинээлэг өрхийн хэрэглээ ч мөн энэ хугацаанд 4-5 хувь өсөн, өдгөө 39.2-т хүрсэн байх юм. Гэхдээ орлогын ялгаатай бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үес 0.034, өнгөрсөн улирлаас 0.008 нэгжээр буурсан байна. Энэ нь амьжиргааны түвшний хэт ялгаа бага боловч ойртож буй хэрэг” гэсэн юм.

Баянгол дүүргийн XIX хорооны иргэн О.Алтанцэцэг “Би сард 400 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Манайх гурван ам бүлтэй ч миний тэтгэврээр амьдардаг. Тэтгэвэр сүүлийн таван жил хэд хэдэн удаа нэмэгдээд байгаа нь энэ шүү дээ. Гэтэл энэ хугацаанд мах, гурил, хүнсний ногоо, цахилгаан, усны үнэ дийлдэхээргүй өссөн. Ганцхан жилийн өмнө 20 000 төгрөгөөр 2-3 кг мах авдаг байсан бол одоо нэг кг гаруйг л авч байна. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдийн засаг байнга өсөж, манай улс маш их баялаг олборлон, экспортолж байна гэдэг. Олонх иргэний амьжиргаанд дэм үзүүлдэггүй өсөлтийг ойлгохгүй байна” гэлээ.

Тэгвэл эдийн засгийн өсөлт өрхийн амьжиргаанд хэрхэн нөлөөлдөг бол. Тухайлбал, ижил хугацаанд эдийн засаг 8.6, инфляц долоон хувиар нэмэгдэхэд нийгэмд бүтээмж, өгөөж харагдахаас илүүтэй үнийн өсөлт нь л мэдрэгддэг. Зүй нь эдийн засгийн өсөлтийн эерэг нөлөөгөөр үнийн өсөлт саарч, иргэдэд дарамт учруулахгүй байх учиртай баймаар. Энэ талаар Ю.Батзоригт “Статистикаас харахад өрхийн орлого өссөн ч зарлага тогтмол илүүдсэн дүнтэй байдаг. Энэ нь далд эдийн засаг бийг илэрхийллээ. 

Ямар ч татвар төлдөггүй, бүтээмж нь харагддаггүй, үйлдвэрлэл, үйлчилгээ зах зээлд хүрээгээ тэлсээр байна гэсэн үг. Энэ нь нийгэмд сөрөг нөлөөтэй. Мөн өрсөлдөөн, зохицуулалтгүй үнэ тогтоон, зах зээл тэлэхэд сөргөөр нөлөөлдөг” гэсэн юм. Гэхдээ нөгөө талаас далд эдийн засгийг ил болгон, бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгэн, иргэдийн орлогоосоо илүү зарцуулалт хаашаа урсаж буйг тодорхойлж чадвал ДНБ-ий өсөлт өнөөгийнхөөс бүр ч өндөр дүнтэй гарч болох гэнэ.

Эдгээрээс харахад хувь хүн болон өрхийн эдийн засгийн чадавх, мэдлэг, төлөвлөлт, ажил эрхлэлт, орлого, зарлагын харьцаа нь тухайн иргэн, айл өрхийг инфляцаас үүдсэн үнийн дарамтад өөр өөрөөр өртүүлж байна. Бид урт хугацаанд, зөв зүйлд хөрөнгө оруулах, орлогын олон эх үүсвэртэй байх, орлогоосоо давсан зардлыг хязгаарлах зэргээр өөрсдөөс шалтгаалсан зүйлийг илүү хийвэл инфляцад “идүүлэх” нь буурах болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)