Он гарснаас хойш хүмүүс экологид хагас тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ

ЦЕГ, МХЕГ, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Байгалаа хамгаалъя” сарын аяны талаар мэдээлэл хийлээ.

Эл аяныг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж буй бөгөөд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн хэргийн хор уршгийг таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.

Энэ арга хэмжээний хүрээнд хяналтын постууд ажиллуулах, томоохон зах, худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт хийхээр төлөвлөж буй гэнэ. МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Өнгөрсөн оны тавдугаар сард ийм аян зохион байгуулж байсан. Энэ онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 1.4 хувийг эзэлсэн байна. Энэ тоон үзүүлэлтийг өнгөц харахад гэмт хэрэг бага гарсан мэт харагдаж буй боловч байгаль орчинд учирсан хохирлыг тооцвол маш их тоо. Байгаль орчин эргэж нөхөн сэргэх боломжгүй, ховордсон ан амьтдыг агнах нь тоо толгой цөөрч, устах гэх зэргээр хор уршиг ихтэй.

Энэ оны эхний улиралд цагдаагийн байгууллага хүрээлэн буй орчны эсрэг хэрэг бүртгэлтийн 140 хэрэг шалгаснаас 42-ыг хаах, нэгийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан бол, 71 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 76 иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нийт 509.6 сая төгрөгийн хохирол экологид учирсан. Үүнээс 302.6 сая төгрөгийг нь нөхөн төлүүлсэн.

Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан гөрөөс агнаж цусыг нь уувал биед сайн гэх зэрэг буруу ташаа ойлголтоос үүдсэн хууль бус ан их гардаг. Мэргэжлийн хүмүүсийн өгүүлснээр гөрөөсний цус уухад хүний биед сөрөг нөлөө л үзүүлдэг. Цус ууснаас болж нэг иргэний амь хохирсон гэх харамсалтай мэдээлэл бий. Мөн энэ сард нийслэл болон орон нутагт гал түймрийн 17 хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)