Онцгой комиссын онцгой алдаа Гаалийн хяналтын бүсүүдэд бөөгнөрөл үүсгэв

Цар тахал дотооддоо алдаж, хөл хорио тогтоогоод байна. Тийм хэдийн Улсын онцгой комиссынхон хөл хорионы үед авч хэрэгжүүлж буй ажлууд нь бодлогын алдаатай, хөрсөн дээр бугаагүй нь өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлаас харагдав. Уг нь төмөр замын ачаа барааны тээвэрлэлт хэвийн явагдаж буй. Гэтэл хот дотор тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосны улмаас ачаа тээвэрлэлт түгээлт, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт удааширч эхлэв. Энэ нь гаалийн хяналтын бүсүүдэд нөлөөлж ачааны бөөгнөрөл үүсгэжээ. Тодруулбал, төмөр замаар ирсэн вагон болон чингэлгийг буулган байршуулах боломжгүй болжээ.

Бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, нийлүүлэлт удаашрахаар үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй. Монголын тээвэр зуучлагчдын холбооноос уг асуудлыг анхааралдаа авч, тодорхой шийдэл гаргахыг Шадар сайдаас хүсэж, санал хүргүүлжээ. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс, Гаалийн ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн зөвхөн “Хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн тоног төхөөрөмжид” гаалийн бүрдүүлэлт хийн олгож буй. Энэ нь эргээд өрхийн амьдрал, эдийн засагт том дарамт болж болзошгүй байгаа юм.

Иймд тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос доорх саналуудыг УОК-т хүргүүлжээ.

  • Бүх төрлийн ачаа бараанд гаалийн бүрдүүлэлтийг хүлээн авагчийн шууд оролцоогүйгээр тээвэр зуучуудад ариутгал, халдвар хамгаалалтын дэглэм доор хүлээн авагчийн агуулахад хүргэлт хийлгэх,
  • Гаалийн хяналтын талбайд ачааны бөөгнөрөл үүсэж байгаатай холбогдуулан импортоор ирсэн хуучин машинтай чингэлгийг суллаж гаалийн бүрдүүлэлт хийн талбайд байрлуулах, боломжтой бусад ачааг агуулах руу шилжүүлэн ачих,
  • Энэхүү тээвэр зуучуудын 1-2 ажилчдад хотын хөдөлгөөнд цагийн хязгаарлалтгүй саадгүй оролцох тусгай зөвшөөрөл олгох (бүрдүүлэлт, хүргэлт хийх зорилгоор),
  • Далайн тээврийн чингэлэг Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш гадаад агентын заасан хугацаанд хоосон чингэлгийг буцаах шаардлагатай байдаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд чингэлэг түрээс өдрөөр алданги тооцогдон бодогддог,
  • Ачааг гаалийн талбайд буусан огноогоор жагсаагаад дэс дарааллын дагуу үдээс өмнө үдээс хойш гэсэн хуваарь гарган бүрдүүлэлт, олголт хийлгэн хатуу хөл хориог цуцалсан цаг үед, гаалийн талбайд үүсэх хүний бөөгнөрлөөс урьдчилан сэргийлэх,
  • Алтанбулагийн хилийг хааснаас хойш, шийдвэр гарахаас өмнө замдаа гарсан, хилийн цаана түгжигдчихээд байгаа 100 гаруй Тир автомашинтай ачаануудыг бүхэлд нь хэдэн удаагийн татан авалтаар, ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын чанд хяналт доор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, авчрах,
  • Тэр дунд олон Монгол жолооч нар хилийн цаана түгжигдчихсэн, маш хүнд байдалтай байгааг анхаарах хэрэгтэйг саналдаа тусгажээ.

Товчхондоо үүсээд байгаа нөхцөл байдлыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэн, цар тахлын онцгой нөхцөл байдалд улс эх орны нийтлэг эрх ашгийн нэрийн өмнөөс үндэсний аж ахуйн нэгжүүдийн хэвийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)