Онцгойгийнхон ЕВРО СТАНДАРТЫН автомашинаар хүч хэрэгслээ нэмлээ

ОБЕГ-аас Монгол, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ. 

Төслийн хүрээнд 3.0 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашиныг өнөөдөр Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Кишиштоф Бойко, БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд, ноён Мечей Ланг, БНПУ-ын “СТОЛАРЧИК” компанийн захирал ноён Мирослав Столарчик нар оролцсон юм.

Польш улсад үйлдвэрлэсэн энэхүү гал унтраах автомашин нь 3.5 тонн устай, секундэд 50 литр ус шахах хүчин чадал бүхий насостой, гал унтраах дунд оврын техникээр тоноглогджээ. 

Мөн Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулсанаараа онцлог аж.

Тэднийг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад хуваарилан өгөх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)