Онцгойгийнхныг түймрийн голомтод нисдэг тэргээр хүргэжээ

Өнгөрсөн хавраас хойш манай улсын 66508 га талбай түймэрт өртөөд буй. Хэт халсны улмаас хуурайшилт ихсэж, өчүүхэн төдий болгоомж алдахад л хэдэн арван га газар хуйхлагдаж байна. Уржигдрын байдлаар таван аймгийн 12 газарт түймэртэй байв. Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд үүний зургааг нь өчигдөр цурманд оруулжээ.

Гэвч дахин хоёр газарт түймэр дэгджээ. Тодруулбал, өдгөө Төв аймгийн Мөнгөнморьт, Булганы Бугат, Хэнтийн Өмнөдэлгэрт түймэр асаж байна. Хамгийн их талбайг хамарсан түймэр Сэлэнгэ аймагт буюу Хүдэр, Ерөө, Бугант сумын нутгийг дамнан дэгдээд буй гэнэ.

Хан Хэнтийн хойд суганд байрлах, нийт газар нутгийнх нь талаас илүү хувийг ой эзэлдэг эл аймаг манай орны хуурайшилт ихтэй бүсэд хамаарч байгаа учир түймэрт дэгдэх магадлал бусдаас өндөр аж.

Дашрамд дурдахад, автомашин хүрэх боломжгүй газарт гарсан түймрийг унтраахын тулд онцгойгийнхныг “МИ171Е” нисдэг тэргээр түймрийн голомтод хүргээд буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)