Оношилгоонд хамруулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Авто тээврийн үндэсний төвөөс (АТҮТ) энэ оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлажээ. Үүний хүрээнд өчигдөр удирдах ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлж, туршлага солилцуулах уулзалт, сургалт зохион байгууллаа. АТҮТ-ийн 28 салбарын удирдах албаны 126 ажилтан уг уулзалтад оролцсон юм. АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдах хэлтсийн дарга К.Айдос “Өнгөрсөн оныг “Тээврийн ухаалаг систем хөгжүүлэх жил” гэж зарлан, үйлчилгээг илүү хялбар болгоход анхаарсан. Тухайлбал, тээврийн хэрэгсэл дэх улсын дугаарыг цахимаар захиалж, харах боломж бүрдүүлсэн. Харин 2020 онд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд илүү анхаарах зорилт тавьсан” гэлээ. Тус байгууллагынхны энэ оны ажлын эхний зорилт нь орон нутаг дахь тээврийн хэрэгслийг оношилгоонд бүрэн хамруулах аж. АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүү “Нийт тээврийн хэрэгслээс жилд 650 мянга орчмыг нь техникийн үзлэгт оруулдаг. Үлдсэн 600 мянга орчим нь хамрагдаж чадахгүй байна. Шалтгаан нь иргэд ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулдаггүй. Мөн орон нутгийн иргэд тээврийн хэрэгслээ оношилгоонд бүрэн хамруулдаггүйтэй холбоотой. Оношилгоонд хамруулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй. Энэ чиглэлээр Тээврийн цагдаагийн албаныхантай хамтарч ажиллана” гэсэн юм.

Бэлтгэсэн: П.Сүрэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)