Онон голоос суваг татаж Улзтай холбох ажлыг эхлүүлнэ

Дорнод аймагт энэ зунаас эхлэн “Онон-Улз” төсөл хэрэгжүүлэх бөгөөд энэ нь Монгол Улсад анх удаа хийх ажил гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, Онон голоос суваг татаж Улзтай холбон, урсцыг нь нэмэгдүүлэх төсөлд зориулж улсын төсвөөс 2.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэ онд 1.1 тэрбумын өртөгт ажил хийх юм байна. Үлдсэн ажлыг нь ирэх онд гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Улз гол нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт орших Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч, улсын хил дагуу буюу Норовлингоос Дорнодын Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар дайран урсдаг. Нийт 510 км урт Улз голд Дөч, Түргэн, Бэрх, Хуурай хөндий, Ар булаг, Хархираа, Ажнай зэрэг цөөнгүй гол цутгаж урсгалыг нь сэлбэдэг байсан ч тэдгээр нь ширгэж үгүй болсноор сүүлийн жилүүдэд зарим хэсгээрээ тасраад буй гэнэ. Тиймээс Улзын сав нутагт аж төрдөг 15 мянга шахам иргэний амьдрал ахуйтай салшгүй холбоотой тус голын урсцыг нэмэгдүүлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй гэж эхний ээлжинд ТЭЗҮ-ийг нарийвчлан хийж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)