О.Мөнхдалай: Эрчүүд ч бас гадаад төрх, бие галбиртаа анхаарах хэрэгтэй

 Загвар өмсөгч гэхээр хүмүүс богино бодолтой, хөнгөн явдалтай гэж ойлгох нь бий. Үнэхээр зарим нь туулсан амьдралаараа үүнийг баталж, бусдынхаа нэр хүндийг доош татдаг. Харин О.Мөнхдалай тэднээс тэс өөр, зарчимч, даруухан нэгэн аж. “Зүрхээр наадагч” киноны Билгүүний дүр бүтээсэн, гурван хүүхдийн аав, загварын тайзнаа 10 жил алхсан, Азийн топ модель О.Мөнхдалайтай ярилцсанаа хүргэе.

-Загвар өмсөгч кинонд тоглох болсон шалтгаан юу вэ гэдгээс асуултаа эхэлье?

-Анх удаа дэлгэцийн уран бүтээлд ажилласан нь “Зүрхээр наадагч” кино байлаа. Загвар өмсөгч болъё гэж бодож байсангүй. 10 жилийн өмнө загварын агентлагийн нэг хүн надад санал тавьснаар БНСУ-д сургалтад хамрагдаж, гурван жил тэнд ажилласан. 2006 онд эх орондоо ирээд Монголын дизайнеруудын холбооны үндсэн загвар өмсөгч болсон. Урьд нь хоёр, гурван удаа кинонд тоглох санал хүлээн авч байсан. Гавьяат жүжигчин Урнаа эгчийн нөхөр Цогоо ах таван жилийн өмнө “Кино, жүжигт тоглох, “Хувьсал” продакшнд орох сонирхол байна уу” гэж асуусан. Тэр үед хувийн бизнесээ дөнгөж эхэлж байсан учир зав муутай байлаа. Харин энэ удаа кинонд тоглох санал тавих үед миний ажил жигдэрсэн, сэтгэл санааны ч бэлтгэлтэй байсан. -Киноны гол дүр Билгүүн баян айлын хүүхэд. Түүний амьдрал таныхаас хэр ялгаатай вэ? -Киноны дүрийн шалгаруулалтад 80-аад залуу орсон юм билээ. Нас, бие, нүүрний хувирал зэрэг олон зүйлээс хамаарч дүрдээ тохирох хүнээ сонгодог. Би шалгаруулалтын сүүлийн өдөр очсон. Билгүүн асрамжийн газарт өссөн бол би элэг бүтэн гэр бүлд хүмүүжсэн. Даруу төлөв зантай, аливаа зүйлийг хийсэн шиг хийдэг нь надтай адилхан санагдсан. Баян хоосны ялгаа, өнөөгийн залуусын дүр төрх, мөнгөний төлөө хүн юу хийдгийг харуулж, амьдрал болон мөнгөний үнэ цэнийн ялгааг өгүүлсэн.

-Азийн топ модель өргөмжлөлийг ямар шалгуураар өгдөг вэ. Та “Гоёл” наадмын шилдгээр шалгарч байсан бил үү?

-2009 онд БНСУ-д Азийн загвар өмс өгчдийн наадам болсон. Азийн орнууд дотооддоо шалгаруулалт явуулж шилдг үүдээ оролцуулдаг наадамд топ модель Сэлэнгээтэй хамт явж, энэ өргөмжлөл өөр шагнуулсан. “Гоёл” наадамд 2009 онд дэд байр эзэлж, 2011 онд шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан.

-Загварынхан кинонд их тоглодог болжээ. Нэр хүндээ өсгөх зорилгоор тоглодог юм болов уу?

-Би нэр хүнд олох гэж биш, өөрийгөө сорьж үзэхээр зориглосон. Сүүлийн жилүүдэд хувийн бизнестээ анхаараад загварын тайзнаас хөндийрсөн.

-Гавьяат жүжигчин Уранчимэг жүжиглэх ур чадварын талаар зөвл өсөн гэсэн. Кинонд тоглох ямар санагдав. Дахин тоглох бодол бий юү?

-Чадах болов уу гээд анх итгэлгүй байлаа. Кинонд тоглох нь загвар өмсөхөөс тэс өөр ажил. Өмнө нь сурталчилгаа, клипэнд тоглож байсан ч кинонд жүжиглэнэ гэдэг илүү хэцүү юм билээ. Гэхдээ “Хувьсал” продакшны киноны туршлагатай багийнхантай хамтран ажиллаж, Урнаа эгчээс зөвлөгөө авсан учир амжилттай дуусгасан. Жүжиглэх ур чадварын талаар нэлээд ном уншиж судалсан нь хэрэг болсон. “Зүрхээр наадагч”-д дүр бүтээснээр итгэл төрж, дахин кинонд тоглож болмоор санагдсан.

-Тэгвэл загвар өмсөгчийн ажил амархан уу?

-Амар ажил гэж байхгүй шүү дээ. Биднийг зүгээр л тайзан дээр алхдаг гэж хүмүүс ойлгодог. Олон хүний анхаарлыг өөртөө хандуулж, алдаа гаргахгүй байна гэдэг хэцүү.

-Таны гэр бүлийн хүн бас загвар өмсөгч гэж дуулсан. Ханилаад хэдэн жил болж байна вэ?

-Манай эхнэрийг загвар өмсдөг гэж хэвлэлээр бичдэг юм билээ. Уг нь эмч мэргэжилтэй. Анагаахын оюутан байхдаа “Херо” энтертайнментад хөтлөгч хийдэг байсан. 2008 онд “Гоёл” наадмын рекламыг “Херо”-гийнхон хийхэд эхнэрээ олж хараад эргүүлж эхэлсэн дээ. Манай том хүү тав, дунд охин гурав хүрч байгаа. Бага маань ой гарантай.

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг та юу гэж үнэлдэг вэ. Эрчүүд ч гэсэн сайхан харагдахыг хүсдэг байх?

-Эрчүүд ч бас гадаад төрх, бие галбиртаа анхаарах хэрэгтэй. Хүмүүсийн нүдэнд дулаахан, сайхан харагдахад буруу зүйлгүй. Гэхдээ гадаад үзэмждээ анхаараад зогсохгүй, дотоод сэтгэлээ ч сайхан байлгах хэрэгтэй. Эр хүн мэдлэг боловсролтой, ухаантай, олон талаар өөрийгөө хөгжүүлдэг байх ёстой. Эмэгтэй хүн бүр ээж болдог. Тэр хариуцлагаа ухаардаг эмэгтэй хүн бүр сайхан.

-Нууц биш бол ямар бизнес эрхэлдэг вэ?

-Эхнэртэйгээ хамт үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг. Мөн БНСУ-д газар тариалангийн бизнес эхлүүлэхээр зэхэж байна.

-Залуу хүн бүр л байртай, унаатай, тогтсон ажилтай болохыг зорьдог. Тэгвэл хөлөө олсон хүн цаашид тэрбумтан болохыг хүсдэг үү. Таны мөрөөдөл юу вэ?

-Дуртай ажлаа хийдэг, элэг бүтэн гэр бүлтэй, эрүүл саруул амьдрах л дээдийн жаргал гэж боддог. Тэрбумтан болох туйлын зорилго биш. Дуртай ажлаараа л ашиг олох хүсэлтэй. Өөртөө шаардлага тавьж, зарчимч байх нь амжилтад хүрэхийн нууц болов уу. Бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай болдог. Тэр хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал тулгарна. Ажил хийж мөнгө хуримтлуулан бизнес эрхлэх боломжтой. Ер нь хүн өөрөө л хүсвэл боломжгүй юм байдаггүй гэж боддог. Тухайлбал, гаднын оюутнууд цалингаа хуримтлуулж, хэрэгтэй зүйлдээ зарцуулж чаддаг бол манайхан гоё гутал, үнэтэй гар утас зэрэгт үрчихдэг. Тэр мөнгөө хурааж, нутагтаа ирээд жижигхэн цайны газар ч болтугай ажиллуулаад орлоготой болсныхоо дараа эд материалд дурлаж болно шүү дээ. Эд баялгийг хүн хэрэглээд л дуусгана. Мөнгөөрөө шууд машин авахын оронд бизнес эхлүүлэн үржүүлж, түүнээс ч илүү зүйл худалдан авах бэлтэй болох боломжтой гэж л хэлэх гээд байна.

-Та аав, ээжийнхээ талаар ярина уу. Та баян айлын хүүхэд үү?

-Хотын унаган иргэн гэж байдаггүй. Өвөг дээдсээр хөөвөл хүн бүр л аль нэг аймгийн гарвалтай. Аав минь хүний их эмч мэргэжилтэй, Завхан аймгийн харьяат. Намайг бага байхад бурхны оронд одсон. Ээж архивч мэргэжилтэй, Увс аймгийнх. Багадаа III хороололд өссөн ч, хүүхэд насны минь ихэнх дурсамж ХVI хороололд өнгөрсөн. Манайх овоож оцойтлоо баяжсан айл байгаагүй. Гэхдээ ээж маань хөдөлмөрлөж, бас хувийн бизнес эрхэлдэг байсан болохоор ядуу зүдүү өссөн гэж хэлэхгүй.

-Хэрвээ загвар өмсөгч болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бол?

-Аав шигээ эмч болно гэж боддог байлаа. Ээж ч байнга тэгж захидаг байсан. Гэтэл том болох тусам өөрийгөө эмч болох хүн биш гэдгийг бага багаар мэдэрсэн. Загвар өмсөгч болоогүй байсан бол бизнес л эрхлэх болов уу.

-Таныг бүсгүйчүүд сонирхоход яаж ханддаг вэ?

-Мэдээж эмэгтэй хүнтэй бүдүүлэг харилцаж болохгүй. Аль болох уриалгахан хандана. Хэн нэгэн бүсгүй надтай танилцахыг хүсвэл яагаад найзалж болохгүй гэж. Гэхдээ хамгийн түрүүнд гэр бүлтэй шүү гэдгээ ойлгуулна.

-Ямар хүнийг од гэх вэ?

-Одод хүмүүсийн хүрч чадахааргүй тэртээ алсад оршдог. Миний бодлоор бусдын чадаагүйг чадаж, тэртээ хол байгаа амжилтад хүрсэн хүнийг од гэх байх. Монголд од байхгүй, Холливудынхныг л од гэдэг гэж хүмүүс ярьдаг. Харүмафүжи, Хакүхо, Асашёорү Дагвадорж нар миний хувьд од. Би Японд очоод тэдэн шиг сайн барилдаж, амжилтад хүрч чадахгүй.

-Таны бодлоор одоогийн төр, засаг ажлаа хийж чадаж байна уу. Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл муу байгаа нь таны бизнест нөлөөлж байна уу?

-Бид иргэнээсээ эхлээд төр, засаг хүртлээ санхүүгийн зөв зохицуулалт хийж сурвал хөгжих юм шиг санагддаг. Шинэчлэлийн Засгийн газар буруу бодлого барьж ажилласнаас эдийн засгийг хүнд байдалд оруулчихлаа. Бүх бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хямрал нөлөөлж байна. Тиймээс гадаадад бизнес эрхэлбэл эрсдэл багатай юм болов уу гэсэн бодол бизнесмэнүүдэд төрж эхэлжээ. Зөвхөн Монголдоо ажиллана гээд бизнестээ, цаашлаад амьдралдаа эрсдэл учруулах тэнэг хүн байхгүй шүү дээ.

-Энэ гажуудлыг яаж засвал дээрдэх бол?

-Бизнес эрхлэхэд төрийн оролцоо дэндүү их байна. Найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулахад хүртэл төр оролцдог. Гаднын жишгийг харж, хөгжингүй орны туршлагаас хуулбарлах хэрэгтэй.

-Өнөөгийн нийгэмд мөнгөөр бүхнийг худалдаж авч байна. Мөнгө танд хэр чухал вэ?

-Мөнгө бол хэрэгцээ учраас чухал байр суурь эзэлж байгаа нь үнэн. Мөнгө хэрэгтэй ч ямар аргаар олох нь чухал. Мөнгөөр сольж болохгүй зүйл гэж бий. Тиймээс үнэ цэнийг нь өөртөө зөв тогтоох хэрэгтэй. Мөнгөнөөс болоод гэр бүлээ сольж байгаа хүмүүс байна. Биеэ худалдана гэдэг мөнгийг яаж үнэлдгийг харуулж байгаа хэрэг.

-Загвар өмсөгчдийг биеэ үнэлдэг гэж ярьдаг. Та гал тогоонд нь байдаг учраас мэдэх байх?

-Би загвар өмсдөг ч гэлээ миний найз нөхөд дандаа хувиараа бизнес эрхэлдэг, төрийн алба хашдаг. Зөв бодолтой, загвар өмсдөг цөөн найз бий. Загварын бүсгүйчүүдийн талаар тийм зүйл сонсогддог боловч ажлын шугамаар таньдаг, сайн найзууд биш болохоор мэдэхгүй юм.

-Загвар өмсөгчид хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Цалингаа агентлагтайгаа тохирдог юм. Ямар нэг загварын шоунд орохоор бол гарааны үнэлгээ гэж бий. Харин дизайнеруудын холбооноос сар бүр тогтсон цалин олгодог.

-Та хэд хүртлээ загвар өмсөх вэ?

-Олон улсын жишгээр бол 35 хүртлээ загвар өмсөж болдог. Гэхдээ фото моделийн чиглэлд сэдвээсээ хамаараад нас харгалздаггүй. Би 28 настай. Болдог бол олон жил загвар өмсмөөр байна.

 

Б.БЯМБАСҮРЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)