О.Магнай: Монгол Улсын нутаг дэвсгэрээс хэнийг ч хүчээр авч явахыг манай улс зөвшөөрөхгүй гэсэн

Өнөөдөр шуугиад буй БНТУ-ын иргэнийг "хулгайлагдсан" гэх мэдээлэлд Ардчилсан нам байр сууриа илэрхийллээ. Тус намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ "Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирлыг өглөө гэрээс нь гарч явахад үл таних этгээдүүд авч явсан тухай Монгол талынх нь захирал олон нийтэд мэдэгдсэн. Энэ дагуу бид холбогдох газруудад ажилласан. Үдээс хойш Ерөнхий сайдад мэдээлэл авах тухай албан шаардлага хүргүүлсэн. Одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. ГХЯ-ны дэд сайдын өгсөн мэдээллээр өнөөдөр Туркийн талаар Монгол Улсын бүрэн бүтэн байдлыг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй гэсэн мэдээлэл өгсөн. Мөн Туркийн Гадаад хэргийн сайд, Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай утсаар холбогдож энэ тухай ярилцахаар ажиллаж байгаа юм билээ. Ер нь Туркийн зүгээс хууль хүчний байгууллагаас нь ирээд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүй гэсэн тайлбарыг өгч байгаа. Харин бидний авсан мэдээллээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр тусгай үүргийн Туркийн онгоц газардсан бөгөөд одоогоор нисэх зөвшөөрөл өгөөгүй байгаа юм байна. Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирлыг онгоцонд суулгасан тухай мэдээлэл мөн ирсэн. Гэхдээ Монголын тусгай албаны машинаар хүргэсэн гэх мэдээлэл бий. Иймд дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай. 

Ер нь гадаадын хэн нэгэн иргэний онцгой эрхэд халдсан асуудал нь маш ноцтой. Гэвч өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол бол Монголын онцгой асуудал юм. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын бүрэн эрхт байдалд халдсан энэ үйлдлийг яагаад ч зөвтгөж болохгүй. Энэ бол ардчилсан Монгол Улсад байж болохгүй асуудал. Иймд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад албан ёсны шаардлага хүргүүлсэн. 

Сүүлийн 28 жилд Монгол Улсын бий болгосон хамгийн үнэтэй капитал бол ардчилал юм. Үүнд шударга ёс, хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа. Иймд хүний эрхэд бүдүүлгээр халдсан уг үйлдэл нотлогдвол үүнд гэм буруутай этгээд хариуцлага хүлээх ёстой" гэв.

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай "Би дөнгөж сая Чингис хаан олон улсын  нисэх онгоцны буудлаас ирлээ. Хулгайлагдсан гэх иргэн өнөөдрийн байдлаар Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэх мэдээлэл байхгүй. Нэгэнт манай улсад хууль ёсны дагуу оршин тогтнож буй гадаадын эрх бол Монгол иргэдийн адил Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдах ёстой. Харамсалтай нь Турк улсын иргэнийг хууль бусаар хил давуулах гэж байгаа талаар мэдээлэл ирсэн. Би Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй утсаар ярьсан. Тэрээр онгоцны бүхээгт байгаа Туркийн дөрвөн иргэний хэнийг ч Монгол Улсын нутаг дэвсгэрээс өөрийнх нь хууль ёсны хүсэл зоригоос ангид хүчээр авч явахыг манай улс зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг өгсөн. Бид ч мөн адил хэн нэгнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө аль нэг гадаадын улсад өгөхгүй гэсэн ардчиллын суурь зарчим дээр бат хатуу зогсоно" гэлээ.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ирүүлсэн Ардчилсан намын шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлагдсан байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан бөгөөд Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа Турк улсын иргэн юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2-р зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадуур гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг баривчлах, албадан саатуулах, өөр улс уруу шилжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг ноцтой зөрчсөн, хүний хулгайн гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдоно.

Гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг Монгол Улсаас тухайн улс уруу шилжүүлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гагцхүү прокурорын саналыг харгалзан Монгол Улсын шүүх хэлэлцэж шийдвэрлэнэ.

Иймд Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, Турк улс уруу шилжүүлэгдэх гэж байгаа талаарх мэдээллийг яаралтай шалган тогтоож, Монгол Улсыг үл хүндэтгэсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Х.БАТТУЛГА, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН М.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН У.ХҮРЭЛСҮХ та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, Монгол төрийн бие даасан байдал, хилийн халдашгүй байдлыг тууштай хамгаалж ажиллах болно"


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)