Олуулаа хэлэлцвэл алдахгүй буюу банкны шинэ засаглал

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр болсон. Уг хуульд 100 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Банкны тухай хуулийн хамгийн гол өөрчлөлт бол өмчлөлийг тархаах замаар засаглалыг сайжруулах зохицуулалт юм. Манай улсад хязгаарлагдмал хариуцлагатай, нээлттэй хувьцаат, хаалттай хувьцаат гэсэн компанийн гурван хэлбэрийг хуульчилсан. Тэгвэл банкны тухай хуульд “Банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй байна” гэж тусгах нь. УИХ-ын гишүүдийн олонх уг хуулийн төслийн дэмжвэл үйл ажиллагаа явуулж буй 12 банк Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, олон нийтэд хувьцаагаа арилжина гэсэн үг.

Харилцагчдын итгэлд тулгуурладаг бизнес учраас банканд ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах шаардлага тавьдаг. Үүнийг нь банкны тухай хуульд тусгасан. Тэгвэл нээлттэй хувьцаат компани болсноор Үнэт цаасны тухай хууль, түүнтэй холбогдох журмыг мөрдөж ажиллана. Тэгэхээр банкуудын үйл ажиллагаа иргэдэд улам ил тод, нээлттэй болох нь гарцаагүй. Нээлттэй, ил тод, хараа хяналт сайтай зүйл хөгждөг жамтай.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ. Өмчлөлийн хязгаарлалт тавьж, хувьцааны төвлөрөл үүсэхээс сэргийлэх нь. Банкуудын хувьцааны 20 хүртэлх хувийг 3-4 этгээд эзэмшлээ гэж бодъё. Үлдсэн 20-30 хувийн хувьцааг олон мянган иргэн хөрөнгийн биржээр дамжуулан эзэмших боломж үүсгэх зохицуулалт санж. Товчхондоо, банкийг олон хөрөнгө оруулагчтай болгох эрх зүйн зохицуулалт хийх нь. Үүний цаана олон хөрөнгө оруулагч биесээ хянаад, банкны үйл ажиллагааг доголдуулах буруу шийдвэр гаргахгүй гэсэн санаа нуугдаж байгаа юм. Үйл ажиллагааг нь доголдуулах буруу шийдвэр гаргахгүй бол банк тогтвортой ажиллана. Олуулаа хэлэлцвэл алдаа гаргахгүй гэсэн үг.

Хууль батлагдсаны дараа олон хүнд банкны хувьцаагаа худалдах хэрэг гарах нь. Тухайлбал, Д.Эрдэнэбилэг Худалдаа, хөгжлийн банкны хувьцааны 63 хувийг эзэмшдэг. Хуулийн төслийг баталсны дараа тэрбээр банкны хувьцааны 43 хувийг худалдах шаардлага үүсэх нь. “Таванбогд”-ын хэмээх Ц.Баатарсайхан эхнэр, дүү нарын хамт ХААН банкны хувьцааны 40 хувийг эзэмшдэг. Тэдгээр нэгдмэл сонирхолтой этгээд ХААН банкны хувьцааны 20 хувийг хэн нэгэнд худалдах шаардлага гаргах нь. “Голомт” банкны хувьцааны 90 гаруй хувь нь Д.Баясгалангийн мэдлийнх. Тэрбээр банкны хувьцааны 70 хувийг хөрөнгө оруулагчдад худалдах хуулийн үүрэг хүлээх нь.

Манай банкуудын хувьцааны дийлэнхийг 1-3 хүн эзэмшдэг жишигтэй. Банкуудын 10-ынх нь хамгийн том хөрөнгө оруулагч нийт хувьцааны 50-иас дээш хувийг нь эзэмшиж байна. Тэгэхээр хувьцааны төвлөрөл өндөр гэдэг нь ойлгомжтой. Одоогоор хувьцааны төвлөрөл хамгийн багатай нь “Хас” банк. Тэдний хамгийн том хөрөнгө оруулагч МАК компани нийт хувьцааны 20 хувийг эзэмшиж байгаа. Бусад 11 хөрөнгө оруулагч 20-иос бага хувийн хувьцаа эзэмшдэг. Хэдийгээр хувьцааны төвлөрөл багатай ч дээрх хуулийн төслийг баталбал “Хас” банк бусадтайгаа адил IPO хийж таарна.

Хуулийн төсөлд “Банкуудын Төлөөлөн удирдах зөвлөл ес ба түүнээс дээш тооны гишүүнтэй байна. Нийт гишүүний гуравны нэгээс олон нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн байх ёстой” гэсэн агуулгатай заалт тусгажээ. Угаас хувьцаат компани ийм шаардлага тавьдаг. Тиймээс шинэлэг зүйл биш. Харин Төлөөлөн удирдах зөвлөл нь олон гишүүнтэй байвал сайн гэж үзсэн нь зүйн хэрэг. “Хас” банкны Төлөөлөн удирдах зөвлөл 11 гишүүнтэй. Ерөнхийдөө манай банкуудаас хамгийн сайн засаглалтай нь “Хас” юм.

Мөн өөр нэг анхаарал татсан зохицуулалт бол улс төрийн өндөр албан тушаалтнуудыг банкны хувьцаа эзэмшихийг хориглосон заалт юм. Хуульд “өөрөө, эсвэл нэгдмэл сонирхолтой этгээд, эцсийн өмчлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн биш байх, эсвэл төрийн өндөр албан тушаалд хамаарах улс төрийн албан тушаалтан биш байх” гэсэн хориглох заалт тусгажээ. Төрийн өндөр албан тушаалтан болох сонирхолтой бол банкны хувьцаа эзэмших хэрэггүй гэсэн үг. Хэрэв төрийн өндөр албан тушаалтан банкны хувьцаа эзэмшвэл хувьдаа ашигтай шийдвэр гаргах магадлалтай гэж үзэн хаалт тавьж буй юм. Энэ бол зөв заалт. Төрийн өндөр албан тушаалтан хувийн бизнесээ дэмжих шийдвэр гаргахгүй гэх газаргүй.

Төслийг боловсруулахдаа Европын Холбооны гишүүн болон Скандинавын хойгийн улсууд, Өмнөд Солонгос, Тайланд, Индонез, Казахстаны банкны хуулийн зохицуулалт, туршлагаас судалжээ. Ялангуяа эдгээр улсын банк үүсгэн байгуулахад тавьдаг хувьцаат компанийн хэлбэрийн шаардлага болон эзэмшлийн хэмжээг хэрхэн хязгаарладгийг судалсан байна. Үүний зэрэгцээ олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсад өгсөн зөвлөмж, банкны хяналт шалгалтын Базелийн хорооноос нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд өгч байгаа ач холбогдол, зохистой засаглалын зарчмыг харгалзан үзсэн гэнэ.

Төлөөллийн онолыг үндэслэн боловсруулсан гадаад улсуудын зохицуулалт нь банкийг хувьцаат компани хэлбэртэй байхыг шаарддаг нь анзаарагджээ. Хувьцаат компанийн эрх зүйн зохицуулалтаар дамжуулан хөрөнгө оруулагчдын эрх, хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын хоорондын харилцааг тодорхойлох нь зөв гэж үздэг гэсэн үг. Тухайлбал, Австри, Норвег, Польш, Латви, Молдав зэрэг баруун ба зүүн Европын дийлэнх орон банкийг хувьцаат компанийн хэлбэртэй үүсгэн байгуулахыг хуульчилсан аж. Үүнээс гадна нэг этгээдэд банкны нийт гаргасан саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшүүлэхгүй байх хязгаар тавьсан байдаг юм. Өмнөд Солонгос, Тайланд, Бангладеш, Шри Ланка зэрэг Азийн орон нэг хөрөнгө оруулагч тухайн банкны хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшихийг хориглодог гэнэ.

Европын хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай хэлбэртэй арилжааны банкуудын хувь эзэмшлийг судалжээ. Уг судалгаагаар хязгаарлагдмал хариуцлагатай хэлбэртэй банкуудын эрсдэлийн түвшинд хувь эзэмшлийн бүтэц нь ихээхэн нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Томоохон хөрөнгө оруулагч болон санхүүгийн бус компани их хэмжээний хувьцаа эзэмшдэг банк илүү эрсдэлтэй шийдвэр гаргах хандлагатай нь анзаарагдсан гэнэ. Харин хувьцаат компани хэлбэртэй банкуудын хувь эзэмшлийн бүтцэд өөрчлөлт орсон ч эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс татгалздаг нь харагджээ.

Тэгэхээр харьцуулсан судалгааны дүгнэлтүүд банк хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зохимжтой, эрсдэл багатайг харуулж байна. Дэлхийн чиг хандлага ч хувьцаат компани хэлбэртэй банкийг хөгжүүлдэг болжээ. Манай улс ч тэдний араас “нүүж” явна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)