ОЛОН ӨРСӨЛДӨГЧӨӨС ХОЁР НЬ ТУНАВ

УИХ-д суудалтай улс төрийн таван нам энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх, хэнийг нэр дэвшүүлэх шийдвэрээ түрүүчээсээ гаргав. Нэр дэвшигч тодруулах хуулийн хугацаа эхэлмэгц МАН-ынхан Бага хурлаасаа Б.Бат-Эрдэнийг, АН-ынхан их хурлаараа Ц.Элбэгдоржийг баталгаажууллаа. Олон сарын турш өрнөсөн улстөрчид, судлаачид, хэвлэл мэдээллийнхний таамаг зөрөх тийшээ хандав. АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Ө.Энхтүвшин тунаж, МАХН-аас Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар тунаж, магадгүй хоёр дахь шатны сонгууль хийнэ гэсэн “зураг” байсан юм. Гэтэл “ах” намынхан УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнэ, дарга Ө.Энхтүвшин нарыг хоёронтоо тэнцүүлсний эцэст бөхийг нь илүүд үзэв. Үүнд хачирхсан, дургүйцсэн шүүмжлэл олон нийтээс гарч буй ч Б.Бат-Эрдэнэд давуу тал бий. Ард түмэн улстөрч гэдгээс нь илүү хүндлэл хүлээсэн бөх хүн гэдэг утгаар нь түүнд хайртай.

Орон нутагт түүнийг дэмжигч олон. Энэ бол бөх гишүүн байхын нэг том давуу тал. АН-ын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ямар ч өрсөлдөгчгүйгээр улираан нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв. Өнгөрсөн дөрвөн жилд муугүй ажилласан тэрбээр нам дотроо 100 хувь хүлээн зөвшөөрөгджээ. Дээрээс нь хамгийн хүчтэй өрсөлдөгч. АН-ын дарга Н.Алтанхуяг ҮЗХ-ныхоо хурлын дараа “Бид хийсэн юмтай хүнийг сойж байна” гээд “Түүнийг дэвшүүлэх түүхэн шаардлага байсан юм” хэмээн онцолсон. Улмаар Буян-Ухаа цогцолборт 7000 гишүүнээ оролцуулсан Их хурлаа хийж, Ц.Элбэгдоржийг намаа төлөөлөн өрсөлдүүлэхээр албан ёсоор батламжлав. Төдийлэн таамаглаагүй, даруухан байсан МҮАН гэнэт л Удирдах зөвлөлөө хуралдуулж, намын дарга М.Энхсайханыг уг сонгуульд сойхоор зарлав.

2005 онд АН-ын өмнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан тэр энэ сунгаанд орж ирснээр улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болох нь хэмээн олон хүний нүд сэргэсэн. Гэтэл өчигдөр болсон Бүгд хурлаас тэс өөр шийдвэр гарах нь тэр. М.Энхсайхан Бүгд хуралд тавьсан илтгэл дээ “Монголын ардчиллын түү хэнд төрийн дээд өндөрлөгүүд нэгэн улс төрийн хүчний гарт төвлөрч байсан удаа байгаагүй. 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар иргэд АН-д ийм боломж олгосон. Ховорхон энэ боломжийг үр дүн тэй ашиглах явдал ганц АН-ын хэрэг биш нийт монголчуудын эрх ашиг гэж бодож байна” хэмээн үзээд Ц.Элбэгдоржид итгэж, түү нийг дэм - жиж буйгаа мэдэгдсэн байна. Хэдийгээр дангаар сонгуульд өрсөлдөх ёстой гэсэн гишүүн олон байсан ч эцсийн шийдвэр АН-ыг дэмжинэ хэмээн гарч, М.Энхсайхан жагсаалтаас хасагдав.

ИЗНН-ынхан ч мөн АН-д нэгмөсөн эрх мэдэл, хариуцлагыг үүрүүлээд үр дүнг үзэх нь зөв гэсэн сонголтыг өчигдрийн хурлаараа хийлээ. Харин хамгаас түрүүлж сонгуульд оролцохоо тунхаглаж, өрсөлдөх хүмүүсээ нэрлэсэн МАХН л сүүл мушгиж байна. Тус намын Бүгд хурал пүрэв, баасан гаригт хоёр ч удаа товлогдоод хойшлов. Өнөөдөр нэр дэвшигч тодруулах хуулийн сүүлийн хугацаа болж байна. МАХН-ынхан дотроо МАН-ыг дэмжиж оролцоно, дангаараа хүч үзнэ хэмээн хоёр талцсан учир ийнхүү алгуурлахад хүрчээ. Тэд МАН-ыг дэмжих магадлал их байгаа. Тиймээс Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрын хооронд л Ерөнхийлөгч болох тулаан өрнөх дүр зургаар долоо хоног шувтарч байна.


С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)