Олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэх нь

УИХ-ын намрын чуулганаар 112 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр жагсаалтыг нь баталсан. Үүний нэгт Хувийн тэтгэврийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Уг хуулийн төслийг Н.Учрал, Б.Баттөмөр, З.Нарантуяа тэргүүтэй гишүүд өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Нэгдсэн хуралдаанд үзэл баримтлалыг нь хэлэлцүүлээгүй. Өндөр настны бүрэн тэтгэврийн хэмжээ хүн амын дундаж цалингийн 34.5 хувьтай тэнцэж (40 хувиас багагүй байх ёстой) байгаа нь ахмадуудад санхүүгийн хүндрэл үүсгэж буй зэрэг олон судалгаанд үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн танилцуулгад нь дурджээ. 

Түүнчлэн зарим байгууллага хувийн тэтгэврийн сан үүсгэн үйл ажиллагаа явуулж буй ч хууль, эрх зүйн орчин байхгүй, улмаар хэрэглэгчийн эрх ашгийг хохироох магадлалтай гэж үзсэн байна. Уг хуулийг баталбал иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мөнгөнөөс (тэтгэврийн насанд хүрээд) гадна хоёр дахь эх үүсвэр буюу зөвхөн өөрт тань зориулсан хуримтлалаас тэтгэвэр авна гэжээ. Тодруулбал, цалингаасаа сар бүр төлдөг нийгмийн даатгалын шимтгэлээс дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн санд шилжүүлэх нь. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ “Хувийн тэтгэврийн сангуудыг хуулиар зөвшөөрнө. Ингээд иргэн төрийн болон хувийн тэтгэврийн санд давхар шимтгэл төлж, тэтгэвэр авах юм. Мөн тэтгэврийн хөрөнгөө өвлүүлэх боломжтой” гэв.

Хуулийн төслийн 6.2-т даатгуулагч өөрөө хүсэлт гарган, тэтгэврийн даатгалд төлж буй ажилтан, ажил олгогчийн тус бүр хоёр хувийг хувийн тэтгэврийн санд төлөх тухай заажээ. Уг хуулийг дагалдуулж Тэтгэврийн гэрээ хийх бөгөөд уг гэрээг Иргэний хуульд нийцүүлэх аж. Тэтгэврийн дансан дахь хөрөнгө нь шимтгэл төлөгчийнх бөгөөд тэтгэврийн насанд хүрсэн, нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан зэрэг таван нөхцөл бий болсон тохиолдолд захиран зарцуулах эрхтэй болох нь. Мөн тэтгэврийн хуримтлал болон хөрөнгө оруулалтын орлогыг бүртгэх, тэтгэврийн дансны ашиг, алдагдлыг тооцоолох зэргийг тодорхойлсон дүрмийг Санхүүгийн зохицуулах хороо батлах юм байна.

Хувийн тэтгэврийн санг хэн үүсгэх боломжтой вэ. Уг санг хувь нийлүүлэн үүсгэх бөгөөд нэг хүн 10-аас ихгүй хувь эзэмших аж. Мөн хувь нийлүүлсэн хөрөнгө нь 20 тэрбумаас багагүй байх ёстой гэнэ. Сангийн үйл ажиллагааг тэтгэврийн гэрээ байгуулах, данс хөтлөх, шимтгэл хүлээн авах, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон тэтгэврийн хөрөнгө хадгалах костадиантай гэрээ байгуулах, тэтгэвэр олгох зэргээр явуулах боломжтой. Костадиан гэдэг нь тэтгэврийн хөрөнгийг тусгайлан хадгалах, төлбөр тооцоог гүйцэтгэх, хөрөнгийн бүртгэлийг хөтлөх чиг үүрэгтэй бөгөөд хувийн тэтгэврийн сантай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллах эрхтэй хуулийн этгээд аж. Уг хуулийг баталбал 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх бөгөөд дагалдуулж Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)