Олон хүүхэдтэй өрх ядуурлын шугам руу “халтирч” байна

Монгол Улс хүн амаа өсгөх бодлогогүй гээд хэлчихэд буруутахгүй. Хүүхдүүдэд ялгавартай олгодог 20 000 төгрөг, жирэмсний хэдхэн сарын тэтгэмж, Эхийн алдар одонг эрх баригчид хүн амаа өсгөх бодлого гэж эндүүрээгүй бол шүү дээ. Эцэг, эхчүүд хүүхдээ улсын халамжаар өсгөнө, одон авна гэж төрүүлдэггүй л байх. Тэдэнд ердөө сургууль, цэцэрлэгийн цагийг ажлынхтай нь уялдуулах, үр хүүхдээ эдийн засгийн дарамтгүй өсгөж, хүмүүжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зэрэг энгийн хэрэгцээ байдаг. Гэтэл жил бүр шинээр мэндэлдэг 70-80 мянган хүүхдийн 20-30 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Сургуулиуд нь хүүхдүүдээ багтаахаа больсон. Хамгийн аюулгүй байх ёстой сургууль, цэцэрлэгийнхээ орчинд, гэртээ, авто замд хүүхдүүд гэмтэж бэртэх нь хэвийн үзэгдэл болов. Өөрөөр хэлбэл, манай улс гэр бүл, хүн төвтэй бодлоготой сон бол эх, хүүхдүүд цаг бусаар эндэхгүй.

...Төрөлт нь саарсан, ядуурал ихтэй улс орны засаг, захиргаанаас хэдийн гэр бүл төвтэй бодлого баримталж, иргэдийнхээ амьдралын түвшнийг дээшлүүлснийг Дэлхийн хүн амын тайланд дурдсан байна. Азийн цөөнгүй улс гэр бүлд чиглэсэн бодлогынхоо ачаар хүн амаа өсгөж, эдийн засаг, хөгжлөө түргэсгэсэн жишээ олон...

Хүн амаа өсгөнө гэж “эрүүгээ чилтэл” ярьдаг эрх баригчид олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг бодит байдалд хэрхэн дэмжиж байна вэ. Хэдийгээр тэд улсад хүүхэд төрүүлж өгөөгүй ч хөдөлмөр эрхлэх, хүүхдээ дарамтгүй өсгөх боломжоор нь төр, засаг хангасан уу гэвэл, үгүй. Эхийн алдар одон энгэрт нь “хадаж” хуураад, жилд нэг удаа 50, 100 мянган төгрөг өгдөг. Үүнийгээ улс даяар сурталчилж, сайрхдаг. Өнөө жилийн Эхийн алдар одон гардуулах арга хэмжээ цар тахлаас болж хойшилсоор саяхан зохион байгуулав. Улсын хэмжээнд 10 677 хүнд Эхийн алдар одон гардуулсан бөгөөд 720 нь I зэргийнхийг авсан гэнэ. Зургаа буюу түүнээс олон хүүхэдтэй эхэд I, дөрвөн хүүхэд төрүүлснийг нь II зэргийн одонгоор урамшуулдаг журамтай. Одон гардуулахтай зэрэгцээд нийгмийн сүлжээнд жил бүр эл сэдвээр талцдаг.

Олон нийт одон зүүж буй ээжүүдийг сайнаар магтаж, бас саараар шүүмжилдэг болсон нь өнөө цагт олон хүүхэд төрүүлдэг хүн цөөрсөнтэй холбоотой. Социализмын үед таваас цөөн хүүхэдтэй айл нүдний гэм байсан гэдэг. Тэр үед хүүхэд бүрийг ясли, цэцэрлэгт хамруулчихдаг байсан болохоор асуудалгүй байж. Гэтэл XXI зууны ардчилсан нийгэмд цөөнгүй эцэг, эх хүүхдээ гэрт нь цоожилж, ажил, амьдралаа залгуулж буй бол олон хүүхэдтэй нь шууд ядуурлын шугам (нэг хүнд ногдох сарын орлого 166 580 төгрөгөөс доош) руу “халтирч” буйг илтгэх олон судалгаа байна. Энэ бол эмгэнэл.

Үнэндээ одон авах, үгүй нь тийм ч чухал биш. Эхчүүдийн ар гэрийн нөхцөл байдал, амьдралын түвшин, тулгамддаг асуудлууд одонгийн ард “нуугдаж” байгааг эрх баригчид сөхөж, анхаарахгүй байгаа нь гол асуудал юм. Тийм байхад Ерөнхийлөгч Х.Баттулга эхчүүдэд одон гардуулахдаа “Эхийн алдар одон бол монгол төрийн уламжлал, бахархал. Монгол Улс хүн амаа өсгөх, хүүхдийг хэвийн орчин, нөхцөлд бойжуулахад нь эхчүүдэд туслах бодлогоо хэзээ ч орхиж, дутаахгүй. Эдийн засгийнхаа боломжоор хүүхдийг эн тэргүүнд тавих ёстой. Эхчүүдэд чадах бүхнээрээ, байгаа боломжоороо төр туслах ёстой. Тиймдээ ч 2005 оноос хойш хүүхэд бүрт байгалийн баялгаас (20 000 төгрөг) хуваарилж ирсэн. Монголын гэр бүл бүхэн үр хүүхдийнхээ хамтаар аз жаргал, цог золбоотой аж төрөх болтугай” хэмээснийг энд зориуд тэмдэглэе.

Монголчууд цөөхүүлээ. Үе үеийн Ерөнхийлөгч нар хүн амаа өсгөх, олуулаа болох тухай ярьж, уриалдаг байснаас биш, байгаа оносон бодлого боловсруулж, хэрэгжүүлсэн гэх юм алга. Өөрөөр хэлбэл, Эхийн алдар одонг бахархал гэж шүтээд, эздийг нь хөсөр хаядаг. Дээр өгүүлсэнчлэн олон хүүхэдтэй өрх хамгийн ядуу амьдарч байгаа нь Монгол Улс хүн амаа өсгөх бодлогогүйн бэлээхэн жишээ биш гэж үү. Энэ онд хэвлүүлсэн “Ядуурлын дүр төрх” судалгаанд 905 мянган хүн ядуу амьдарч буйгаас 63.5 хувь нь нийслэлд бүртгэгджээ. Эдийн засгийн багахан хямрал үүсэхэд үүн дээр нэмэгдээд 475 мянган хүн ядуурлын шугам руу уруудахад бэлэн буйг тус судалгаанд дурдсан байна.

Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой буюу ядуу иргэдийн 42 хувь нь 15 хүртэлх насныхан байгаа нь хамгийн их анхаарч, ач холбогдол өгөх ёстой статистик юм. Хүүхдүүд 30-39 насны залуус, ахмадуудаас илүү ядууралд өртдөг байна. Ерөнхийдөө олон хүүхэдтэй залуу гэр бүл (30-39 настай) ядууралд илүү өртөмтгий байгаа аж. Тодруулбал, гурав болон түүнээс олон хүүхэдтэй нийт өрхийн тэн хагас нь ядуучуудын эгнээнд шилжжээ. Тэд сарын хүнсний хэрэгцээндээ нэг хүнд 53 488 төгрөг зарцуулдаг гэнэ. Энэ нь дундаж рестораны хоолны үнэд ч хүрэхгүй дүн юм. Ядуу амьдарч буй тэдгээр хүн улсын нийт хэрэглээний дөнгөж найман хувийг бүрдүүлдэг бөгөөд хүнсэнд хоёр, хувцсанд гурав, боловсрол, тээвэр, харилцаа холбоонд тус бүр дөрөв, эрүүл мэндэд зургаа дахин бага зардал гаргаж буйг дээрх судалгаагаар тогтоожээ.

Ядуучууд өрхийн орлогынхоо дийлэнх хувийг хүнсэндээ зарцуулдаг тул эрүүл, боловсролтой болох тухай ойлголт бараг байдаггүйг судлаачид хэлсэн. Улсын ирээдүй болсон хүүхдүүд ядуу тарчиг амьдарч, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байхад одон, тэмдэг хэнд хэрэгтэй юм бэ гэж иргэн Э.Энхжаргал халаглав. Тэрбээр зургаан хүүхэдтэй. Бага насны гурван хүүхэд нь цэцэрлэгт хамрагдах аз дутсан учраас сүүлийн хоёр жил эхнэр нь тэднийгээ харж гэртээ суух болжээ. Өрхийн тэргүүний цалин, сар бүрийн хүүхдийн тэтгэмжээр найман ам бүл шар нар, бор хоногийг аргацаадаг. Хорооноос нь хааяа нэг гурил, будаа өгөхөөс өөрөөр дэмжлэг үгүй аж. Тэд улсаас бэлэн мөнгө, гурил, будаа нэхээгүй. Нэг гэр бүлийн, хөдөлмөрийн насны хоёр хүнийг ажиллах боломжоор хангахыг л хүссэн.

Манай улсын нийт өрх дунджаар 3-4 ам бүлтэй бөгөөд таваас олон болохоор ядууралд өртчихдөгийг Үндэсний статистикийн хорооныхон судалсан байна. Олон хүүхэдтэй өрх ядуу амьдарч байгаа нийтлэг шалтгаан нь гэр бүлийн гишүүд хөдөлмөр эрхлэх боломжгүйтэй холбоотой аж. Нийт хүн амын дундаж нас 27 буюу Монгол Улс хүүхэд, залуусын орон болчихоод буй. Гурван хүн тутмын нэг нь 15 хүртэлх насныхан бөгөөд тэд 3-5 жилийн дараа хөдөлмөрийн зах зээлд хүч түрэн орж ирэх нь ойлгомжтой. Тиймээс ажлын байр хангалттай хэмжээгээр бэлдэж, энэ эрэлтийг ашиглан хүндээ хөрөнгө оруулах замаар ядуурлыг бууруулах боломжтойг судлаачид хэлсэн.

Дэлхийн улс орнууд хэнийг ч ардаа үлдээхгүйгээр хамтдаа хөгжих зорилготой “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийг таван жилийн өмнө баталсан. Уг хөтөлбөрийн зорилгын тэргүүнд ядуурлыг устгах гэж тодорхойлжээ. Төрөлт нь саарсан, ядуурал ихтэй улс орны засаг, захиргаанаас хэдийн гэр бүл төвтэй бодлого баримталж, иргэдийнхээ амьдралын түвшнийг дээшлүүлснийг Дэлхийн хүн амын тайланд дурдсан байна. Азийн цөөнгүй улс гэр бүлд чиглэсэн бодлогынхоо ачаар хүн амаа өсгөж, эдийн засаг, хөгжлөө түргэсгэсэн жишээ олон. Тэд иргэддээ хөдөлмөр эрхлэх ялгаваргүй орчин бүрдүүлэн, сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийнхээ хэдэн хүүхэд төрүүлэх сонголтыг нь хүндэтгэж, залуучууддаа гэр бүл төлөвлөлтийн мэдлэг олгож, иргэдийнхээ наад захын хэрэгцээг хангахад голлон анхаардаг аж.

Харин манай улс ядуу иргэд, олон хүүхэдтэй гэр бүлд халамж хэлбэрээр бэлэн мөнгө тараах бодлого л баримталж иржээ. Дээрээс нь хүүхдийн гэсэн бүх зүйлсийг тэднээс булаасан. Улсын хэмжээний төлбөргүй секц, дугуйлангуудыг хаасан. Хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн газраас заавал хумсалж, барилга барьдаг зэрэг тогтолцоотойгоор бид урагшлахгүй. Өдгөө нэн тэргүүнд хүүхдүүдээ ядуурлаас салгаж, боловсрол, эрүүл мэндэд нь анхаарахгүй бол хэдхэн жилийн дараа энэ нийгэм харанхуй бүдүүлэг, өвчтэй иргэдээр дүүрэх нь. Хөдөлмөр эрхлэгчдийн цуглуулсан татварын мөнгийг ядуучуудыг тэжээж тэтгэх нэрийдлээр цацах бус, хүн, гэр бүл төвтэй бодлого баримтлах хэрэгтэй байна, эрх баригчид аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)