Олон хүн цуглуулахгүй хэмээн ТҮЦ машинуудыг ажиллуулахгүй байна

Нийслэлийн зургаан дүүрэгт төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машин 75 ширхэг бий. Эдгээрээс Баянзүрх дүүргийн ЗДТГ доторх хоёр, тус дүүрэгт байрлалтай “Ариг” банк, “Натур” “Да хүрээ IV”, “Тэнгэр” худалдааны болон Цагдаагийн лицензийн төв доторх машинууд “эвдрээд” гурван сар болжээ. Мөн Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Дэнжийн мянгын “Нарлаг дэнж” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг доторх, Баянхошуу дахь Нэг цэгийн үйлчилгээний төвд байрлалтай зэрэг 11 машиныг ашиглах боломжгүй болжээ. Иргэд дээрх худалдааны төв, байгууллагад очин, лавлагаа авах гэтэл “Ажиллахгүй” гэсэн бичиг угтаж, зарим газар нь оруулахгүй байна хэмээн бухимдсан. Дээрх машинуудын завсар, үйлчилгээг Үндэсний дата төвийнхөн хариуцдаг. Тус төвийн хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан н.Оюунбодь “Эвдрэл гэмтэл үүссэн, ашиглах боломжгүй ТҮЦ машин нэг ч байхгүй. Эвдэрсэн гээд байгаа машинуудыг байршуулсан байгууллага, үйлчилгээний төвийнхөн нь олон хүн шавуулж, хөл хорионы дэглэм зөрчүүлэхгүй гээд ажиллуулахгүй байгаа юм. Бид шаардлага тавьсан ч хүлээж авахгүй байна” гэв. Харин Баянхошуу дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн менежер Ц.Батсайхан “Олон хүн цуглуулахгүй гээд ТҮЦ машинаа ажиллуулахгүй байгаа нь үнэн. Хэзээ ажиллуулахыг мэдэхгүй, холбогдох албан тушаалтанд нь уламжилъя” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)