Олон улс үл тоосон ч сэргэж чадсан “Африкийн сувд”

Руандад хүмүүсийг үй олноор нь хоморголон устгасан хэргээс хойш 25 жил өнгөрсөн хэдий ч хүн төрөлхтний нүдэн дээр нэг сая хүнийг хөнөөж, үүнийхээ хариуцлагыг хүлээхгүй байж чадсаныг одоо ч ойлгоогүй л байна. Гэсэн ч руандачууд хөл дээрээ босож, нуранги балгас болсон улсаа сэргээн засаж чаджээ. Британийн залуу улстөрч Уинстон Черчилль Руандагийн экватор орчмын ногоон бүсийг бахдан шагшиж, 1908 онд энэ хязгаарыг “Африкийн сувд” хэмээн нэрлэсэн гэдэг. 

Эл том цол өнгөрсөн зууны эхээр Британийн колони гүрний бүрэлдэхүүнд багтдаг Угандад оногдож, хөрш Руанда (тэр үед Герман гүрний нэг хэсэг байсан) алдарт ногоон бүсийг өөрийнх гэдэг байв. Ташрамд дурдахад, энэ улсын үржил шимт толгод, хөндийнх нь төлөө энэ улсыг “Африкийн Швейцар” хэмээн хэдийн нэрлэсэн байжээ.

Халуун бүсийн үзэсгэлэнтэй, өвөрмөц байдал нь Африкийн их нууруудын орчимд байрладаг тус хоёр улсыг нэгтгэдэг цор ганц зүйл биш. Тусгаар тогтносныхоо дараа тус хоёр улс үй олноор хоморголон устгах хэргийн золиос болж, үүний хор уршгийг өдгөө ч тооцож дуусаагүй. 1970-аад оны эргэлтийн дараа төрийн эрхэнд гарсан Иди Амин өөрийн ард түмнээ бөөнөөр нь устгадгаараа зард гарчээ. 

Түүний хэлмэгдүүлэлтэд олон зуун мянган хүн хохирсны сацуу тэрбээр хүмүүсийг биечлэн эрүүдэн шүүх замаар 2000 орчмынх нь амийг бүрэлгэж, заримыг нь идсэн ч гэдэг. Ийм аймшгийг Угандаг эзлэн түрэмгийлсэн хөрш Танзанийн арми эцэслэж, улсаа дэлхийн хамгийн ядуу улсын нэг болгосон Ерөнхийлөгч Иди Аминаг зугтахад хүргэжээ. 1972 оны үед тус улсын эдийн засаг тэглэсэн байдаг. Руандад хүмүүсийг үй олноор хөнөөсөн хэрэг маш өргөн хүрээг хамарсан бөгөөд үүн шиг 800 мянгаас нэг сая хүний амь хохирсон тохиолдол Африкт ч урьд өмнө бүртгэгдээгүй. Үүнийг НҮБ ХХ зууны хамгийн аймшигт хэрэг явдлуудын нэгээр нэрлэсэн. 

Гэхдээ хамгийн аймшигтай нь тоондоо, бас угсаатныхдаа (хутучууд тутсичуудыг газар, байгалийн баялгийг нь булаан эзлэгч хэмээн хядсан) ч биш. Хүмүүсийг олноор нь хөнөөсөн хэрэг өнөө цагт болж, 100 хоног (1944 оны дөрвөөс долдугаар сард) нүдэн дээр нь үргэлжилсэн байхад дэлхийн хамтын нийгэмлэг сэргийлэх, эсвэл зогсоохыг оролдоогүй нь хамгийн аймшигтай аж. 

Хөрш нь хөршийгөө гар доорх хэрэгслээр буюу алх, саваа, голчлон урт хутгаар хөнөөж байсан нь бас нэг аймшиг. Хүний хөнөөгчид болон тэдний гарт үрэгдэгсдийн төрөл төрөгсөд хамтдаа аж төрөхөөс өөр аргагүй байдалд орсон улс 25 жилийн дараа хэр харагдаж байна вэ? Энэ асуултад хариулахад тэдэнд хүндрэлтэй. Харин дэлхийн тал бүрээс улстөрчид цугласан, эмгэнэлт ойн арга хэмжээний тайзны ард зарим нэг зүйлийг тодруулжээ.

ЭСРЭГЦЛИЙН ГАЗАР НУТАГ

Руандагийн хил рүү сэтгүүлчдийг дөхөж ирэхэд уганда жолооч “Уганда болон Руанда их төстэй боловч огт өөр улс. Манайд авлига маш их газар авсан бол Руандад тийм юм байхгүй. Руанда цэвэр, Уганда бохир. Тэдний бараа, үйлчилгээ үнэтэй, манайд хямд. Бас манайд бүгд чөлөөтэй, тэднийд чанд хатуу...” гэв.

Ийм эсрэгцэл хил дээрээс л мэдрэгджээ. Юуны түрүүнд тээшин дэхээ “сэгсрэхэд” хүрч. Руандад гялгар уут хэрэглэх, бүр хадгалахыг ч хориглодог. Тус улс Африктаа цэвэрч төдийгүй Өрнөдийн зарим хотоос ч илүү. Руандагийн замаар автомашин төдийгүй явган зорчигчид ч явдаг. Автомашин зөвхөн нийслэлд, зарим хотод л бий бөгөөд замаар нь хүний эцэс төгсгөлгүй цуваа хөвөрнө. “Манай Руандагийн иргэдэд цаг хангалттай учир нэг тийш гурван цаг алхах нь хэвийн үзэгдэл. 50 цент төлөхийн оронд явган алхсан нь” дээр гэж нутгийн оршин суугч тайлбарлав. 

Руандачууд бүхнээ хэмнэж байхад жуулчдад хамгийн сайн сайхнаа дэлгэнэ. Галт уулсын үндэсний хүрээлэнд дэлхийд 700-хан үлдсэн уулын гориллаг харах гэж гадаадын иргэд зорин очдог. Зочид буудлын оройн зоог нэг хүний 50 ам.доллар бөгөөд энэ нь нутгийн оршин суугчдын хувьд толгой эргэм мөнгө. Ховор амьтных нь үнэ ч мөн адил өндөр. Угандад горилла руу ойртоход нэг хүн 600 ам.доллар төлдөг нь хачин. Харин Руандад гориллаг ойроос харахын тулд 1500 ам.доллар төлдөг гэнэ. Хачирхалтай нь, энэ өндөр үнэ гадаад жуулчдыг үргээдэггүй.

ДУРСАМЖИЙН АРД

Үнэн бол үнэн. Руандад очиж үзэхгүйгээр 25 жилийн өмнөх үйл явдлыг мэдэх боломжгүй. Үүний тулд заавал тэмдэглэлт ой хүлээх шаардлагагүй. Муж бүрт нь үй олноор нь хоморголон устгасан эмгэнэлт хэргийн дурсгал бий. Тус улсын өмнө нутгийн Мурамби хотын техникумын байруудад л гэхэд 70 мянга орчим тутсичуудыг хороосон бөгөөд одоо модон сараалжин дээр амь үрэгдэгсдийн араг ясыг тараан тавьсан байх ба зарим нь үстэйгээ байх. 

Дурсгалын цогцолборуудыг үнэ төлбөргүй үзэж болох бөгөөд гэрэл зураг авахыг хориглодог. Үнэхээр зураг авах бол нэг зураг 20 ам.долларын төлбөртэй. Хөтөч нь албан ёсны хувилбарыг эш татан ярьснаар хутучууд голдуу эрх баригчид тутсичуудыг бүгдийг нь устгахаар шийдсэнд тэр үед тус улсын засаг захиргааг Франц улс дэмжиж байсан нь түлхэц болжээ. Түүхэн баримтаас хамаагүй зөөлнөөр тусгасан ч тутсичуудыг хоморголон устгасныг маш тодоор “Руанда” зочид буудал” алдарт жүжигт үзүүлсэн байдаг. Үүний гол дүрүүдийг Холливудын жүжигчид бүтээсэн аж.

Иди Аминагийн хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэргээс хойш зургаан Ерөнхийлөгч солигдож, улс төрийн эмх замбараагүй байдлаасаа гарч чадахгүй удсан Угандагийнхаас Руандагийн байдал өөр. 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Поль Кагаме (түүний тэргүүлдэг, тутсичуудын Руандагийн эх оронч фронт нам хүмүүсийг олноор нь хөнөөхөө больсон. Тус намын удирдагчдын олонхыг АНУ-д цэргийн боловсрол эзэмшүүлсэн нь ийн нөлөөлжээ) улс төрийн харилцан буулт хийх бодлого хэрэгжүүлж, тус улсын шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч, парламентын дээд, доод танхимын даргыг нэг намын төлөөлөгчид хаших боломжгүй болсон юм. 

Ташрамд дурдахад, дарангуйллын тогтолцооноос П.Кагаме зайлсхийж чадаагүй гэнэ. 2017 онд тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхийн тулд бүх нийтийн санал хураалт явуулах замаар хуульд өөрчлөлт оруулж (2034 он хүртэл тэрбээр төр барих эрхтэй болсон), хөрөг зургаа зочид буудал, уран зургийн галерей, бүр хятадуудын мэдэлд байдаг казиногийн хясаан дээр хүртэл байрлуулсан байна. Гэхдээ үүнд руандачууд дургүйцээгүй гэнэ.

“Үй олноор нь хөнөөсөн хэргээс хойш манай орон юу ч үгүй хоосорсон. Хоол унд, орон сууц ч үгүй хүмүүс амьсгал хурааж, харийг зорьцгоосон... Ерөнхийлөгч “Нэг бол бид өлсөж үхнэ, эсвэл хамтдаа амьдрах ёстой” гэж хэлсэн. Одоо үндэстэн хоорондын ямар ч асуудал байхгүй” хэмээн 29 настай руанда залуу Ян Увасу ярьжээ. Энэ залуугийн ээж нь тутси, аав нь нидерланд. Хүмүүнлэг ёсны эсрэг аймшигт хэрэг ид гарч байх үед тэд Нидерланд руу дүрвээд, дараа нь эх орондоо эргэн ирсэн гэнэ. Руандачууд амьдардаг улсыг удирдаж байна гэж Ерөнхийлөгч П.Кагаме (тутси үндэстэн) байнга тэмдэглэдэг аж.

Энэ үр өгөөжөө өгөх үү? Руандагийн тэрбумтан Жоржоос тутси, хутугийн аль нь болох талаар лавлахад үнэхээр уурлажээ. “Ямар үндэстэн байх нь хамаагүй, эцэг, эхийнхээ алинд илүү хайртай вэ гэж асуусантай адил юм” гээд тэрбээр аав нь Руандагийн гурав дахь үндэстэн болох твагийн төлөөлөгч, ээж нь бельги болохыг тайлбарласан байна. Өнөөгийн Руандагийн ололтын талаар тэрбээр их бахдалтай ярьжээ. Ерөнхийлөгч П.Кагаме нээсэн, герман автомашин угсрах цехийнхээ зургийг ухаалаг утаснаасаа үзүүлээд, хөрөнгө оруулалтын тухай сэтгэл хангалуун өгүүлж, “Угандачууд атаархдаг” гэж хэлэх үгээ дуусгасан байна.

Руанда төрөлтийн түвшнээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг (Уганда нэгдүгээрт бичигддэг). “Урьд нь 10 хүүхэд төрж, гурав нь л эсэн мэнд үлддэг байсан бол одоо бүгд эрүүл бойждог болсон. Газар нутгийн хэмжээ хэвээрээ ч хүн ам маш олон болжээ” гэж Ян Увасу тайлбарлажээ. Руандагийн Засгийн газар төрөлтийг бууруулах сурталчилгаа явуулж буй ч нэг өрхөд 10 хүүхэд байдаг норм хэвээр. Тухайлбал, эмнэлэгт хандсан олон хүүхэдтэй эх бүрт бэлгэвч санал болгодог аж. Нийслэл Кигалид “Чиний сонголт. Чиний ирээдүй. Бэлгэвч хэрэглэ” гэсэн бичигтэй олон самбар бий гэнэ.

Хүн ам олны сацуу Европ, АНУ-ыг зорьсон дүрвэгчид буцаж байгаагийн улмаас Руандад ажилгүйдлийн түвшин өндөр. Хотуудад сарын дундаж цалин 50 ам.доллар, тосгонд байгалийн өгөөжөөр л амь зогоодог. “Африкийн Швейцар”-ын тосгодод, зочид буудлуудад цагаан арьстнууд мөнгөний эх сурвалжид тооцогдоно. “Музунгу, мани!” (Цагаан ноёнтоон, мөнгө хайрла) гэх нутгийн иргэд том, багагүй гадаадынхныг бүчнэ.

Кигалигийн худалдааны захаар явахад оёдолчид нь ажил хүсэн, мөр даран дагадаг гэнэ. Гэхдээ Африкийн бусад улсаас ялгаатай нь гудамжины гэмт хэрэг гардаггүй. Жуулчид шөнийн цагаар ч чөлөөтэй зорчдог. Нийслэлийн бааранд камераа мартаад цагийн дараа эргэн ирэхэд ямар ч асуудалгүй эргүүлээд авдаг гэнэ.

25 жилийн өмнөх байдлыг үндэсний Ньюнгве хүрээлэнд сэтгүүлчид санамсаргүй харжээ. Тус хүрээлэнгээр заасан чиглэлээр, хөтөчтэй л явж болдог аж. Зам дагуу явган алхтал бүрэн зэвсэглэсэн цэрэг, хүнд техник бүхий отрядууд угтсан. Үндэсний хүрээлэнд ийм олноороо юу хийдгийг тодруулсан ч тэд хариулаагүй төдийгүй гэрэл зураг дарахыг хоригложээ. 

Учир нь тус хүрээлэн дундуур хөрш Бурунди улстай залгаа хил оршдог бөгөөд зэвсэглэсэн босогчдын халдлагаас тийн хамгаалдаг гэнэ. Бурундид хуту болон тутсичууд ч аж төрдөг бөгөөд Руандагаас ялгаатай нь мөргөлдөөн дуусаагүй, үе үе иргэний дайн, эсвэл үйл олноор хөнөөх хэрэг гардаг байна. “Бид энэ бүхнийг даван туулсан учир шалтгаан ямар нэг байдлаар хурцдахаас айдаг. Манайд ч эрхэлсэн ажилгүй олон залуу бий” гэж үндэсний хүрээлэнгийн зочид буудлын ажилтан тайлбарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)