Олон улсын хөрөнгө оруулагч Монголд Венч сангийн үйл ажиллагааг танилцуулна

Монгол Улсын гарааны бизнесүүдийн хөрөнгө оруулалт, орчин нөхцөлтэй танилцахаар АНУ-ын Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Пол Брэгиел дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд тусгай хөтөлбөрт үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Пол Брэгиел нь гарааны шатандаа яваа технологийн инноваци нэвтрүүлэгч компаниудад хөрөнгө оруулалт хийдэг “Bragiel Brothers” компанийн үүсгэн байгуулагч, энтрепренер хүн юм. Тэрээр 200 хол давсан компаниудад хөрөнгө оруулалт хийсэн арвин их туршлагатай бөгөөд үүнд нь тэрбум ам.доллараар үнэлэгдэх Unity, Zappos, Uber компани багтдаг байна.

Коломб, Сингапур, Эстони, Танзани зэрэг улсын засгийн газарт технологи, энтрепренёршипийн бодлогын зөвлөх хийж байсан ноён Брэгиел нь 2011 оноос Африк тивд төвлөрсөн “Savannah Fund”, Азид “Golden Gate Ventures”,  Европт “Gamefounders” зэрэг технологийн чиглэлийн энтрепренёршипийг хөгжүүлэх, анхан шатны хөрөнгө оруулалт хийх зорилго бүхий хөрөнгө оруулалтын сангуудын үүсгэн байгуулагчдын нэгээр ажиллаж байна.

Techstars ОУ-н байгууллагын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Д.Бат-Октябрийн урилгаар Монголд зочилж буй түүний айлчлал манай улсын гарааны бизнес эрхлэлтийн орчин нөхцөл болон боломжуудтай танилцах, Венч хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны тухай компанийн эздүүдэд танилцуулах, Монголдоо тэргүүлэх LendMN, Xyyp.mn, CallPro, Alchemist, Dobu зэрэг гарааны бизнесүүдийн үүсгэн байгуулагчидтай уулзах зэрэг хөтөлбөрийн хүрээнд хийгдэнэ.

Тухайлбал тэрээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өглөө Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхах бол үүний дараахан Монголын Бизнес Зөвлөлөөс зохион байгуулах инноваци ба боловсролын ажлын хэсгийн уулзалтанд оролцох юм. Түүнчлэн Venture Capital Fund үйл ажиллагаанд оролцож гарааны бизнес эрхлэгчдэд илтгэл тавина.

Ноён Брагиелийн төлөөлж буй Venture Capital буюу Венч хөрөнгө оруулалтын сан нь урт хугацаандаа хурдацтай өсөх боломжтой, өндөр эрсдэлтэй гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийж тухайн компанийн үнэлгээг нэмэгдүүлэх зарчмаар гарааны бизнесүүдтэй хамтран ажилладаг. Монгол Улсад одоогоор олон улсын стандартад нийцсэн Венч хөрөнгө оруулалтын сан хараахан байдаггүй ч энэ төрлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд энэхүү айлчлал томоохон түлхэц үзүүлэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)