Олон улсын уран зургийн уралдаанд монгол хүүхдүүд түрүүллээ

уран зураг

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Ойн хүрээнд хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор олон улсын гар урлал, уран зургийн VIII уралдааныг өнгөрсөн саруудад зохион байгуулжээ. Манай улсаас зургаан сурагч, нэг багш шилдгээр шалгарсан байна. Энэ уралдаанд бүтээлээ ирүүлсэн 100 гаруй хүүхдийн зургаар “Нөхөрлөл” нэртэй үзэсгэлэн өчигдөр нээлээ. Үзэсгэлэнд ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуу, Улаанцав, Хөх хотын “Заяа хан” сургалтын төв, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчдын зурсан зургийг дэлгэсэн байв. 

Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд хоёр орны харилцааг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг харуулснаараа онцлог бөгөөд гол төлөв тухайн улсын бэлгэ тэмдэг, зан заншлыг дүрсэлжээ. Гар зургийн VIII уралдаанд бүтээлээ сойсон Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 7в ангийн сурагч О.Мөнх-Оргил “Би хүүхдийн Урлан бүтээх төвийн уран хайчилбарын дугуйланд сурдаг. Энэ уралдаанд оролцсон бүтээлээ дөрөв хоногийн турш зурсан юм. Зургийн санааг гаргахад ээж минь дэмжлэг үзүүлсэн. Миний харуулахыг зорьсон санаа бол хоёр орны бэлгэ тэмдэг болох морь, луу хөлөглөсөн хүүхдүүд хөгжилдөн, эв найрамдалтай тоглож байгааг дүрсэллээ. Олон өдрийн турш засаж, сайжруулан дотор байсан төсөөллөө цаасан дээр буулгасан зураг минь байр эзэлсэнд маш их баяртай байна” гэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд ӨМӨЗО-оос “Өнгөт нар” аяллын хүрээнд 12 хүүхэд ирж оролцсон юм. Тэд Монгол Улсын соёлын болон байгалийн түүхэн дурсгалт газруудаар аялж, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн уран зургийн дугуйлангийн сурагчидтай хамтран бүтээл туурвих юм байна.

М.Мөнхчимэг, Н.Хүслэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)