Олон Улсын Залуучуудын Хаврын өдөрлөг болно

МЗХ нь Олон Улсын Залуучуудын Хаврын өдөрлөгийг 2 дахь жилдээ уламжлал болгон  зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг 2015 оны 02 сарын 28-ны өдөр МЗХ-ны Залуус танхимд болох аж. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан уг өдөрлөгт БНХАУ-ын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Чан Ван Лон, Вьетнамын элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Нгяан Ту Нгяа Дук, Лаосын элчин сайдын яамны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ватсана  Вонгфила болон оюутан залуучууд оролцож байсан бол энэ удаад цар  хүрээ нь улам өргөжин дээрх улсуудаас гадна Европын орнууд болох Орос, Францын залуус оролцож  байгаагаараа онцлог болж байгаа юм.  

Олон Улсын Залуучуудын Хаврын өдөрлөгт оролцож буй эдгээр орон орны залуус өөрсдийн үндэсний баярынхаа тухай танилцуулж мэндчилгээ дэвшүүлэх аж. Мөн энэ жилийн  хувьд хөтөлбөрт нь уламжлалт Монгол хувцасны үзүүлбэр, Монгол тоглоом  наадгайгаас гадна оролцогчидын дунд хөгжөөнт тэмцээн, Монгол үндэсний бүжиг, Франц оюутнуудын морин хуурын  тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ багтсан байгаа тухай  зохион байгуулагчид ярьж  байлаа.

Ийнхүү Монголд сурч ажиллаж амьдарч буй гадаад оюутан залуус, монгол залуустай ойртон нөхөрлөж соёл уламжлалаа бие биедээ таниулах нь цаашид олон олон гадаад оюутныг Монголд сурах хүсэл сонирхол төрүүлэхэд  чухал  түлхэц өгөх биз ээ.  Энэхүү өдөрлөг нь оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй байх бөгөөд нээлтийн үйл ажиллгаа 15 цагаас эхлэн оройны 18 цаг хүртэл үргэлжлэх гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)