Олон улсад жуулчлагч 65 хувиар буурчээ

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага “Дэлхийн аялал жуулчлалын барометр” судалгааны үр дүнг өчигдөр танилцуулахдаа “Олон улсын жуулчны тоо энэ оны эхний хагаст өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 65, зөвхөн зургадугаар сард аялагчдынх 93 хувиар буурсан” гэж онцлов. 2019 онд дэлхий даяар 1.5 тэрбум хүн жуулчилсан нь өмнөх оныхоос дөрвөн хувиар өссөн үзүүлэлт байжээ. Энэ тоо 2030 он гэхэд 1.8 тэрбумд хүрнэ гэж судлаач, шинжээчид тооцоолж байсан нь талаар болж, олон улсын жуулчлал түүхэндээ анх удаа хасах түвшинд хүрснийг судалгаанд дурджээ. 2020 оны эхний хагасын мэдээллээс үзэхэд, энэ хугацаанд жуулчны тоо нь эрчимтэй буурсан үзүүлэлтээр Ази, Номхон далайн бүсийн орнууд (-72 хувиар) тэргүүлж, үүний араас Европ (-66), Дундад болон Зүүн Ази (-57), Африк (-57), Америк (-55)-ийнх жагсав. Олон улсын аялал жуулчлал сэргэж, 2019 оны түвшинд хүртлээ багадаа 2-4 жил шаардлагатай, үүний тулд улс орнууд ихээхэн идэвх чармайлт гаргах хэрэгтэй гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагынхан үзэж байна.

Бэлтгэсэн: Ж.Сувд


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)