Олон нийтийн сүлжээнд хяналт тавих чиглэлээр “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар тохирсон гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, хуулийн үзэл баримтлалын хүрээнд зарчмын зөрүүтэй саналыг төсөл тус бүрээр байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар бэлтгэжээ. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй 28 санал боловсруулсан байна. Ингэхдээ нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд, хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, төхөөрөмжийн техникийн шаардлага, нормативыг тогтоосон баримт бичиг батлах зэрэг үйл ажиллагаатай холбоотой тодорхой эрхийг заасан байна.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн хүрээнд шуудангийн салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан төрийн байгууллагуудын эрх, үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг цөөлөх зохицуулалтыг сайжруулж, шуудангийн нэгдсэн код, үндсэн сүлжээ, шуудангийн тэмдэгтийн талаарх нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхээр тусгажээ. Түүнчлэн улс хоорондын шуудангийн илгээмжийн үйл ажиллагааны зохицуулалтыг илүү тодорхой болгосон аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавихдаа олон нийтийн сүлжээтэй холбоотой асуудал олон оронд хөндөгдөж, зарим орон нийгмийн сүлжээний хаяг нээхдээ өөрийн регистрийн дугаарыг оруулан, буух хаяг, буцах эзэнтэйгээр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлдэг байх зохицуулалт хийснийг дурдаад, үүнийг хуульд тусгасан, эсэхийг тодруулж байв. Нийгмийн сүлжээнд хуурамч хаягаар бүртгүүлж, бусдыг гүтгэж доромжлох явдал хэрээс хэтрээд байгааг гишүүд дурдаад үүнд тавих хяналт, хүний эрхийг хамгаалах зохицуулалт хуулийн төсөлд тусгаагүйг шүүмжилсэн. Мөн Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэзээ өргөн барьж, хэлэлцүүлэхийг сонирхож байлаа. Ажлын хэсгийн зүгээс “Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулаад, яамдаас санал авах шатанд яваа, уг төсөлд цахим халдлагатай тэмцэх үндэсний төв байгуулах талаар тусгасан. Энэ төвийг байгуулснаар цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажил сайжирна гэж үзэж байгаа” гэсэн хариулт өгсөн.

Мөн “Нийгмийн сүлжээтэй холбоотойгоор гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг үүрэн холбооны холбогдох компаниудтай хамтран хийж эхэлсэн. 2016 онд бүртгэлгүй 650 мянган дугаар иргэдийн гар дээр байсан бол өнөөдөр энэ тоо 42 мянга болж буурсан. Энэ оны зургадугаар сар гэхэд бүртгэлгүй дугаар байхгүй болно. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэд бүртгэлтэй гар утсаараа авах, сошиал орчинд бүгд бүртгэлтэй болох асуудал шийдэгдэнэ” гэв.

Ажлын хэсгийн гишүүд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар хэд хэдэн уулзаж, тодорхой асуудлууд дээр тохирсон гэлээ. Олон нийтийн сүлжээгээр буюу фэйсбүүкээр бусдын эрхэд халдсан, иргэний шинжтэй зөрчлийг илрүүлж, хаах бол Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулынхантай хамтран ажиллахаар тохиролцжээ. Харин “Фэйсбүүк” компанийн зүгээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан бөгөөд тэдгээр асуудлыг Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэсэн мэдээлэл өгөв.

Асуулт, хариулт дууссаны дараа ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Бэлтгэсэн: А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)