“Олон ихт баян” компани нууцаар үйлдвэрийн барилга барьж байжээ

Дорноговь аймгийн нутаг, Хамрын хийд орчимд ашигт малтмал олборлохоор өнгөрсөн өвөл техник хэрэгслээ авч очсон нь тухайн үед олны анхаарал татаж, дуулиан болж байсан билээ. Тэгвэл тус компанийнхан нууцаар баяжуулах үйлдвэрийн барилга барьж байсныг Мэргэжлийн хяналтын байгууллагынхан илрүүлэв. Иргэд, төрийн бус байгууллагынхан Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасны дагуу Даланжаргалан сумын Бичигт багийн нутаг, Худагт хэмээх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Олон ихт баян” ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. Энэ үед тус компанийнхан газар ашиглах зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн суурь цутгаж, агаарын шугам татан бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулж байсан гэнэ. Үүнд мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт тавин, таслан зогсоожээ.

Мөн тус аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга “Цомог багийн нутагт жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг “Эко хэлхээ” ХХК-ийн хаягдлын далан сэтэрч хөрс бохирдуулсан” гэх мэдээлэл мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн аж. Үүний дагуу очиж шалгаад, жонш баяжуулах дээрх үйлдвэрийн технологийн шугам (бөмбөлөгт тээрмийн бул)-ыг лацдан, үйл ажиллагааг нь зогсоосон гэнэ. Улмаар химийн хорт бодистой ус асгарсан талбайн гадуур хамгаалалтын хашаа татах, бохирдсон газарт экологийн хохирол тооцуулах ажлыг “Эко үнэлгээ” ХХК-иар хийлгэж эхэлсэн гэнэ. Үүгээр зогсохгүй ойр орчимд нутагладаг малчдаас санал авч, уурхайн орчмоос нүүлгэхээр шийдвэрлэн, айлуудын буух газрыг сумын Засаг дарга товлох болжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)