Олимпын хамгийн азтай аварга

2002 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Австралийн шорт трекийн тамирчин Стивен Брэдбери Солт Лэйкийн олимпын наадмаас алтан медаль хүртэв. Гэвч түүний тамирчны замнал тийм ч дардан байгаагүй билээ. Тэрбээр 1994 оны Лиллехаммерийн олимпын наадамд шорт трекийн 5000 м-ийн зайн буухиа төрөлд хүрэл медаль хүртснээр өвлийн олимпоос медаль зүүсэн анхны австрали тамирчдын нэг болсон юм. Харин ганцаарчилсан төрөлд гавьтай амжилт гаргалгүй, нутаг буцжээ.

Гэвч ирээдүйтэй залуу тамирчныг хоёр айхтар гэмтэл хүлээж байв. Монреальд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд хэрхэн гэмтсэн тухайгаа С.Брэдбери “Канадад би нэг тамирчны тэшүүр дээр уначихсан юм. Надархуу бие хаатай хүн таван литр орчим цустай байдаг. Гэтэл би тэр үед ердөө 60 секундэд дөрвөн литр цус алдсан” гэж дурссан нь бий.

С.Брэдберигийн дараагийн том тэмцээн нь 1998 оны Наганогийн олимпын наадам байлаа. Гэсэн ч Японд австрали залуу ахин азгүйтэв. “Би дэлхийд чансаагаараа эхний аравт багтаж байсан ч 1000 метрийн уралдааны өмнө хоолны хордлого туссан. Бараг хоёр өдрийн турш зогсоо зайгүй бөөлжиж байсан ч уралдааны замд гарсан. Бие минь үнэхээр муу байсан болохоор тэмцээний дүнг харах ч хүсэл байгаагүй” гэж Стивен ярьсан юм.

Хоёр жилийн дараа, АНУ-ын Солт Лэйк хотод өвлийн олимпын наадам эхлэхээс 20 сарын өмнө тамирчны замналыг нь бүрмөсөн сүйрүүлэх дөхсөн осолд С.Брэдбери өртөв. “Би толгойгоороо уралдааны замын хашлага мөргөөд хүзүүгээ хугалчихсан. Гавлын ясанд минь тусгай төмөр цагариг суулгахаас өөр аргагүй болсон. Эмч намайг ахин хэзээ ч гулгаж болохгүй гэж хэлсэн учир горьдлого тээн өөр эмчтэй уулзлаа. Эхэлсэн зүйлээ заавал дуусгах ёстой гэсэн бодол надад байсан” гэж Стивен дурсжээ.

Харин Солт Лэйк хотод австрали залууг азын тэнгэр ивээсэн юм. 1000 метрийн зайн шилдэг наймд Канадын тамирчин, дэлхийн аварга М.Ганьон шийтгэл хүлээж, хасагдснаар С.Брэдбери түүний оронд дараачийн шатанд шалгарчээ. Харин хагас шигшээд австрали тамирчин тэргүүлэгчдийн ард тэших тактик баримталсан нь зөвдөв. Өмнө нь явсан шилдгүүд бөөнөөрөө унаж замыг нь “чөлөөлж” өгснөөр тэрбээр шигшээд уралдах эрх авчээ.

Финалд ч дээрх тактикаа баримталсан юм. С.Брэдбери шийдвэрлэх уралдааны тухай “Дасгалжуулагч маань надад ”Чи тэдэн шиг сайн тамирчин биш. Тийм болохоор тэднээс хол хоцролгүй дагаад байвал хүрэл медаль хүртэж магадгүй” гэж зөвлөсөн” хэмээжээ. Үнэхээр ч түүний өрсөлдөгчид нь сүрдэм тамирчид байлаа. 1000 метрийн зайн шигшээ уралдааны гараан дээр С.Брэдберигээс гадна БНСУ-ын Ан Хюн Сү (хожим нэрээ Виктор Ан болгон өөрчилж, ОХУ-ын иргэн болсон), АНУ-ын Аполло Оно, “Нагано-98” олимпын наадмын мөнгөн медальт БНХАУ-ын Л.Жяжун, Канадын М.Туркотт нарын дөрвөн шилдэг тамирчин эгнэн зогсож байлаа. Шигшээ уралдааны сүүлчийн тойрогт С.Брэдбери тавдугаар байрт, бусдаасаа нэлээд хойно тэшиж байв. Гэтэл өмнөх дөрвөн тамирчин нь бие биетэйгээ мөргөлдөж унаснаар С.Брэдбери барианд түрүүлэн орлоо. Ийнхүү тэрбээр өвлийн олимпын наадмын алтан медаль хүртсэн Австралийн анхны тамирчин болжээ.

“Бөөн бужигнаан болж, бүгд унасан. Уралдаанд хэрхэн түрүүлснээ бодохоор надад нударгаа зангидан ялалтаа тунхаглах хүсэл тэр үед төрөөгүй. Би ердөө л итгэж ядсандаа гараа өргөж билээ. Магадгүй олимпын түүхэн дэх хамгийн азтай алтан медальтан би байх” хэмээн Стивен итгэмээргүй ялалтынхаа тухай өгүүлжээ. Хормын дотор Австралийн хамгийн алдартай иргэний нэг болсон С.Брэдбери Солт Лэйкийн олимпын дараа зодог тайлав. Тэрбээр 2006, 2010 оны өвлийн олимпын наадмын үеэр Австралийн телевизэд тайлбарлагчаар ажилласан агаад авто уралдаанаар хичээллэн мэргэжлийн түвшинд чамгүй өндөр амжилт гаргасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)