Олимпын аварга болсон согтуу тамирчин

Швейцарын Лозанна хотод болсон хөнгөн атлетикийн “Алмаазан лиг” тэмцээний үеэр цэнгэлдэхэд цугласан үзэгчид ОХУ-ын өндрийн харайгч Иван Уховыг хараад чухам ийм мэдрэмж төрсөн болов уу. Тэрбээр харайлтаа гүйцэтгэхээр орж ирэхдээ хөл дээрээ дөнгөн данган зогсож байсан бөгөөд төд удалгүй түүнийг шал согтуу гэдгийг үзэгчид ойлгосон байна.

Тэнцвэрээ арайхийн олж, бэлтгэлийн өмдөө чүү чамай тайлаад хаа байгаагаа бараг үл ойлгох орос тамирчныг хараад үзэгчид гэрэл зургийн аппаратаа шүүрэн авч, түүнийг ямар марзан үзүүлбэр үзүүлэхийг нь хүлээж эхлэв. Шоу ч төдөлгүй эхлэв. И.Ухов өөр лүү нь дөхөж ирсэн шүүгчийг түлхэж холдуулаад харайхаар гүйв. Тэрбээр мэдээж харайлтаа амжилттай гүйцэтгэж чадалгүй матраасан дээр хэвтээд өгөв.

Бүтэлгүй орос тамирчны бичлэг тэр даруй интернэтээр тарж, тэрбээр дэлхий даяар “алдаршив”. Гэвч эл өдөр залуу, авьяаслаг тамирчныг яагаад ийм ичгүүртэй зүйл хийхэд хүргэснийг хэн ч мэдсэнгүй. Мөн 2008 оны зун болсон энэ явдал түүний амьдралыг үүрд өөрчилнө гэдгийг ч гадарлаагүй юм.

2008 оны Бээжингийн олимпын өмнөх циклийн үеэр И.Ухов Оросын хамгийн авьяаслаг өндрийн харайгчдын нэгт тооцогдож, олимпын наадамд оролцохоор бэлтгэж байв. Тэрбээр 192 см өндөр, 90 кг жинтэй, өөрөөр хэлбэл, харайгчдын дунд этгээд бие галбиртайд тооцогдох тамирчин юм. Хэдий ийм аварга биетэй ч Иван 2.30 метрийн дээгүүр өлхөн харайдаг байлаа.

И.Ухов гэвч том тэмцээний өмнө дандаа азгүйтдэг байв. 2008 оны олимпын өмнө Европын АШТ-д 12 дугаар байр эзэлсэн бол ДАШТ-д гэмтлийн улмаас оролцоогүй. Бээжинг зорих орос тамирчдыг сонгон шалгаруулах Оросын АШТ-д ч Иван бүтэлгүйтэж, VI байр эзлэв. Улмаар шигшээ багийг бүрдүүлэх явцад дасгалжуулагч, хурган дарга нарын амбиц нөлөөлж, түүний дасгалжуулагч Е.Загорулько шавиа бус, гол өрсөлдөгч А.Сильновыг зүтгүүлэв. Мэдээж И.Ухов үүнийг маш хүндээр хүлээж авчээ.

Бээжинд А.Сильнов олимпын аварга боллоо. Энэ нь Иваны өөртөө итгэх итгэлд ахин хүнд цохилт болов. Хаалтын ёслолын үеэр өндрийн харайлтын шинэ олимпын аварга Оросын төрийн далбааг залж явсныг тэр гэртээ зурагтаар харж суужээ.

“Бээжин-2008”-ын дараа И.Ухов дасгалжуулагч Е.Загорулько болон найз бүсгүй И.Гордеевагаас саллаа. Энэ олон дараалсан хүнд цохилтоос тэрбээр архины тусламжтай гарахаар шийдсэн аж. Архи уугаад амжилтад хүрэхгүйг тэрбээр 2008 онд, Лозаннад ойлгосон нь тодорхой.

Ийм таагүй байдалд орсон 100 тамирчны 99 нь улам уруудах магадлалтай. Гэвч И.Ухов тэгсэнгүй. “Согтуу үсрэлтийнх” нь дараа түүний толгойд юу орж ирснийг хэн ч мэдэхгүй. Ямартай ч тэрхүү явдлаас хойш түүний амжилтын буухиа эхэлжээ. Шинэ дасгалжуулагч С.Клюгины

ачаар тэрбээр “согтуу хэргийнхээ” төлөө торгууль хүлээсэнгүй, улмаар нэг жил хагасын дараа Европын танхимын АШТ-д түрүүлэв. 2010 оны зун Лозаннад ахин ирж, 2.33 метрийн амжилтаар аваргалсан төдийгүй мөн ондоо “Алмаазан лиг”-ийн аварга боллоо. Улмаар 2011 онд Европын хошой аварга болж, нэг жилийн дараа олимпын наадмаас медаль хүртэх гол найдварын нэгт тооцогдох болов.

Шигшээ харайлтын өмнөхөн И.Ухов майкаа олсонгүй. Энгийн майктай үсрэлтээ гүйцэтгэсэн түүнийг шүүгчид азаар шийтгээгүй юм. Удаах харайлтаа тэрбээр медаль хүртэх боломжгүй болсон А.Сильновын майкийг өмсөж гүйцэтгэсэн аж. Финалд 2.38 метрийг давж үсэрсэн И.Ухов олимпын аварга боллоо.

2008 онд Лозаннагийн цэнгэлдэхэд согтуу гарч ирээгүй бол түүнийг ийм өндөрлөгт хүрэх байсан, эсэхийг хэн ч мэдэхгүй.

Лондоны олимпоос хоёр жилийн дараа И.Ухов 2.42 метр дээгүүр харайж, 1988 онд Германы К.Тренхардын тогтоосон Европын дээд амжилтыг шинэчилжээ. Даанч энэ явдал тун сонирхолтой намтартай орос тамирчны сүүлчийн тод амжилт байсан юм. Спорт сонирхогчдын сайн мэдэх шалтгааны улмаас 2016 оны Риогийн олимпод ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид оролцоогүй. Харин 2019 оны хавар Р.Макларены бэлтгэсэн ОХУ-ын сэргээшийн нөхцөл байдлын талаарх тайланд үндэслэж, Иванаас олимпын аваргын алтан медалийг нь хураасан юм. Гэтэл тэрбээр замналынхаа турш нэг ч удаа сэргээшийн шинжилгээнд бүдэрч байгаагүй билээ.

И.Ухов зодог тайлаад удаж буй. Ярилцлага өгөх, олны анхааралд өртөх туйлын дургүй түүний талаарх мэдээлэл тун хомс. Гэхдээ тэрбээр 2016 онд хуучин найз бүсгүй И.Гордееватайгаа гэрлэжээ.

Бэлтгэсэн Н.Энх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)