Олимпоос “төрсөн” мэргэжил

Хүн төрөлхтний түүхэнд 1896 оны дөрөвдүгээр сарын 6-нд гайхалтай нэгэн явдал болсон нь олимпын анхны наадам байлаа. Францын барон Пьер де Кубертений санаачилгаар, Грекийн Афин хотод зохион байгуулж, 14 орны 240 тамирчин өрсөлдсөн олимп хэмээх арга хэмжээнээс хойших 124 жилийн хугацаанд наадмын цар хүрээ өргөжихийн зэрэгцээ спортын төрөл нэмэгдэж, хасагдаж, басхүү дагалдах олон зүйл хувьсан, өөрчлөгдсөөр иржээ. Дөрвөн жил тутамд болдог уг арга хэмжээг Олон улсын олимпын хороо зохион байгуулдгийг хүмүүс андахгүй. Харин олимпын наадмын үеэр тамирчид, үзэгчдийн аюулгүй байдал, тав тухын төлөө ямар хүмүүс хэрхэн ажилладгийг тэр бүр мэдэхгүй. Олимпын наадмын шаардлагаар бий болсон ажлын байр, тэр ч бүү хэл мэргэжил хүртэл байна. Олимпын мэргэжилтнүүд хэмээх “гуншинтай” хүмүүс юу хийдэг вэ.

АВРАГЧ

Ялангуяа усанд сэлэлтийн тамирчид ядарч, хүч алдахаас эхлээд шөрмөс нь татах, ухаан алдах, усан сангийн хананд толгойгоо цохисноос болж бэртэх тохиолдол байнга биш ч цөөнгүй гардаг байна. “Нэг саяд ганц тохиолдох ч бид үргэлж бэлэн байдалд, сонор сэрэмжтэй ажилладаг гэж олимпын аврагч нэгэн залуу “New York times”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Хүн-загаснуудыг аврах мэргэжилтэн мэдээж сайн сэлэхээс гадна эмнэлгийн анхны тусламж үзүүлж чаддаг, шалмаг, самбаатай байх ёстой. Бразилын Рио-де-Жанейро хотод 2016 онд зохион байгуулсан зуны олимпын XXXI наадмын усанд сэлэлтийн тэмцээнүүдийн үеэр 75 аврагч ажилласан бөгөөд усан санд болсон бүх төрлийн уралдааныг “ажиглан” суужээ.

БЭЛГЭВЧ ТАРААГЧ

Олимпын наадмын шаардлагаар “төрсөн” нэг ажил нь бэлгэвч тараагч. Энэ нь энгийн нэг түгээгч биш учраас бүр мэргэжил гэж үздэг юм байна. Яагаад гэхээр, тухайн хүн ур чадвар, хурд, хүч, авхаалж, самбаатай байхын зэрэгцээ харилцааны өндөр соёл, мэдрэмжийг зохион байгуулагчид шаарддаг аж. Олимпын хотхон, цэнгэлдэх хүрээлэн гээд наадамд хамаатай газруудаар том шуудай дүүрэн бэлгэвч үүрээд, явган явах нь амаргүй даваа гэдгийг уг ажлыг олон жил гүйцэтгэсэн хүмүүс хэлдэг. Эл мэргэжилтэн “Рио 2016”-гийн үеэр илүү хэрэгтэй байсан гэнэ. ОУОХ-ны тайланд дурдсанаар 450 мянган бэлгэвч тэр үед тараасан нь “Лондон 2012”-ынхоос хэдэн арван мянгаар олон аж. Үнэ төлбөргүй бэлгэвч тараагчид хүн таних чадвартай байхаас эхлээд давхардуулахгүй байх гэхчлэн олон зүйлд анхаарах учиртай.

“ЛУУЖИН”

Олимпын наадмын нээлт, хаалтын ёслолын үеэр цэнгэлдэх хүрээлэнд ёстой л “хонины найр” болдог. Хэдэн мянган хүний хөдөлгөөн, орох, гарах, явах, чиглэлийг зохицуулдаг хүн үгүй бол чухам юу болохыг төсөөлөх аргагүй. Тэгэхээр чиглэл заагч гэсэн мэргэжилтэн олимпын цэнгэлдэх хүрээлэнд хамгаас чухал. Тэд бол луужин л гэсэн үг. Тэнд хэдэн зуун “луужин” ажилладаг бөгөөд тэд тод өнгийн хувцас өмсөж, зүг чигийг бүжгийн хөдөлгөөнөөр үзүүлж сонирхолтой байлгах бас нэгэн үүрэгтэй.

БӨМБӨГ “ШҮҮРЭГЧ”

Бөмбөгтэй спортын уралдааны үеэр хамгийн завгүй, хариуцлагатай хүн бол тамирчин биш, харин тэдний “хаясан” бөмбөгийг “олж, шүүрч”, цуглуулдаг ажилчид. Ийм үүрэгтэй хүмүүсийг зохицуулагч удирдана. Жишээ нь, теннисний талбайн булан бүрт зогсох зохицуулагч бөмбөг чухам хаачсаныг холбоо баригчаар мэдээлж, “шүүрэгч” цуглуулдаг.

Бэлтгэсэн: Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)